Оросын нефтийн ЮКОС компанийн экс тэргүүн Михаил Ходорковскийн хүү Павел Ходорковский өөрийн эцгийг шоронгоос суллуулах асуудлыг Давост Дэлхийн эдийн засгийн форумын уулзалтын үеэр хөндөхийг оролцогчдод нь хандан уриалав. М.Ходорковский, П.Лебедев нарын хэвлэлийн төвийн сайтад байрлуулсан уг мэдэгдэлд “Давост энэ асуудлыг хөндөөрэй. Орос дахь иргэний нийгмийг хүсч мөрөөдөж яваа хүмүүсийн нэрийн өмнөөс, чөлөөт зах зээл, эрх чөлөөт иргэнтэй Оросыг биечлэн дэмжихийн тулд Давосын форум дахь оролцоогоо ашиглахыг бид та бүхнээс хүсч байна” хэмээжээ. Швейцарийн Давос хотноо лхагва гаригт эхэлсэн олон улсын эдийн засгийн форумд Оросын төлөөлөгчдийг Ерөнхий сайд Д.Медведев тэргүүлж байгаа аж. М.Ходорковский, түүний бизнесийн хамтрагч Платон Лебедев нарт 200 сая тн нефть шамшигдуулж, мөнгө угаасан хэргээр 2010 оны сүүлчээр Москвагийн Хамовническийн районы шүүхээс тус бүр 14 жилийн хорих ял оноосон. Дараа нь Москва хотын шүүх хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор ялын хугацааг 11 жил болгон бууруулсан аж. Ингэснээр Лебедев 2014 оны зун, Ходорковский 2014 оны намар суллагдах болжээ.