Өөрт нь зориулсан “Тав дахь засаглал” киноны зохиолыг Wikileaks-ийг үндэслэгч Жулиан Ассанж эрс шүүмжилжээ. Киноны талаарх бодлоо тэрбээр Оксфордын их сургуулийн оюутнуудтай онлайнаар холбогдох үедээ илэрхийлсэн байна. Зохиолыг “дан худал зүйл”, “суртал нэвтрүүлэг” гэж тэрбээр үзжээ. Түүнчлэн Иран атомын зэвсэг боловсруулж байна гэж битүү утгаар хэлснээр энэ улсын эсрэг дайсагналын “дөлийг үлээсэн байна” хэмээн кино бүтээгчдийг буруутгажээ. Түүнээс гадна Иран атомын зэвсэг боловсруулж байлаа гэхэд тэр нь Wikileaks болон түүнийг бий болгогчдод ямар ч хамаагүй гэсэн байна. Гол баатар нь Жулиан Ассанж болох “Тав дахь засаглал” киног “Dreamworks” студид бүтээж буй аж. 2007-2010 онд Ассанжтай хамтарч ажиллаж байсан Германы хакерч Даниэль Домшайт-Бергийн дурсамж хэлбэрээр киног хийж буй юм. Киног бүтээгчид Дэвид Ли, Люк Хардинг нарын “Жулиан Ассанжийн өдөөсөн дайны тухай” сэтгүүлчийн эрэн сурвалжилсан бүтээлийг бас ашиглаж байгаа аж. Кинонд Жулиан Ассанжийн дүрийг Бенедикт Камбербэгч, Домшайт-Бергийнхнийг Германы жүжигчин Даниэль Брюль бүтээж байна. Кино 2013 оны арваннэгдүгээр сарын 15-наас АНУ-д гарч эхлэх юм.