Хорих ял эдэлж буй Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн нам АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтоны ирүүлсэн гэх захидлын хэсгээс уржигдар өөрийн сайтад байрлуулжээ. Уг захидалд “Танай улсад өрнөж буй үйл явдлыг миний бие сэтгэл түгшин ажиглаж байна. АНУ Тимошенког нэн даруй суллуулахын төлөө байна” хэмээн өгүүлсэн гэнэ. Захидлыг АНУ-аас Украинд суугаа Элчин сайд Жон Теффтээр дамжуулсан гэж мэдэгджээ. Харин Америкийн Төрийн департмент дээрх захидлын талаар мэдэхгүй байна. Төрийн департментын төлөөлөгч Виктория Нуланд “Хатагтай Тимошенкод Төрийн нарийн бичгийн даргаас ирүүлсэн гэх захидлын талаар надад мэдээлэл алга. Гэхдээ бид энэхүү хэрэгтэй холбоотойгоор сэтгэл түгшиж буйгаа хэд хэдэн удаа илэрхийлсэн. Украины Засгийн газарт хандаж, бүх иргэндээ хуулийн дагуу хандах, хатагтай Тимошенког суллах, сонгуулийн эрхэд нь халдахгүй байхыг бид дахин уриалж байна” хэмээн тэмдэглэв. Төрийн департментын төлөөл өгчийн ярьснаас үзвэл, өмнө нь ирүүлсэн буюу ямар нэг хуучин захидлын талаар “Батькивщина” хөндсөн байж болзошгүй нь. Тиймээс энэ асуудлын учрыг тодруулна гэлээ. Мөн Тимошенкогийн албан ёсны сайтад Европын холбоо, АНУ-ын Элчин сайдууд экс Ерөнхий сайдтай уулзалт хийх зөвшөөрөл олгохыг хүсч, Украины эрх баригчдад хандсан тухай мэдээллээ. Ю.Тимошенко 2011 оноос эхлэн Харьковын хорих газарт ял эдэлж байгаа. ОХУ-тай 2009 онд хийн хэлэлцээр байгуулахдаа албаны эрх мэдлээ хэтр үүлэн хэрэглэсэн хэргээр ял шийтгүүлсэн тэрбээр Харьковын эмнэлэгт найман сар гаруй эмчилгээ хийлгэж буй. Украины Ерөнхий прокурор Виктор Пшонка 1996 онд Парламентын гишүүн, бизнесмен Евгений Шербанийн амийг хөнөөс өн дуулиант хэргийг мөрдөн шалгаж дууссанаа өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн. Ерөнхий прокурорын хэлснээр, уг гэмт хэргийн захиалагчид нь экс Ерөнхий сайдууд болох Тимошенко, Павел Лазаренко гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоожээ. Тимошенкогийн эл хэрэгт гэм буруутай нь нотлогдвол түүнд бүх насаар нь хорих ял оноож болзошгүй юм байна.