Израилийн баруунтнуудын удирдагч Б.Нетаньяху сонгуульд ялснаа зарлан, Ерөнхий сайдаар гурав дахь удаагаа сонгогдох боломж өөрт нь олгосонд талархаж буйгаа сонгогчдодоо илэрхийллээ. Мягмар гаригт явуулсан Кнессет (Парламент)-ийн сонгуулийн саналын хуудасны 99 хувийг тоолсон дүнгээр, “Ликуд-Бейтену” 120 суудлын 31-д нь ялалт байгуулжээ. Одоогийн Ерөнхий сайдаар овоглодог тус эвсэл “Ликуд”, “Израиль-Бидний гэр” намын үндсэн дээр бий болсон юм. Удаад нь 19 мандатын эрх авсан дундаж давхаргынхны “Еш Атид”, 15 суудал хожсон зүүн-төвийн “Авода”, 11 мандаттай “Еврейн гэр” тус тус орсон нь Парламентад баруун, зүүний үзэл баримтлалтай улс төрийн намууд бараг тэнцүүхэн байр суурь эзэллээ гэсэн үг аж. Сайд нарын танхимыг бүрдүүлэх үүргийг хэнд даатгахаа Ерөнхийлөгч Шимон Перес шийднэ. Тус улсын хуулиар, Парламентад сонгогдох босго давсан улс төрийн намуудтай зөвлөлдөх, Кнессетийн олонх 61 гишүүний дэмжлэгийг хүлээх хамгийн магадлалтай хүмүүсийг сонгох үүргийг Төрийн тэргүүн хүлээдэг байна. Харин Засгийн газрын тэргүүн болох “эрхийн бичиг” сонгуульд ялсан намын тэргүүнд ногддог.