Израилийн Парламент-Кнессетийн сонгууль өчигдөр эхлэв. Үүнтэй холбогдуулж аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгасан байна. Энэ ажилд 20 мянган цагдаа оролцож буй. Ираны эсрэг "дайнч" бодлого явуулж буй Беньямин Нетаньяхугийн Засгийн газрын ялалтаар сонгууль өндөрлөнө гэж шинжээчид үзэж байна. Одоогийн Засгийн газрын бодлого Ойрхи Дорнод дахь байдлыг улам түвэгтэй болгож байгаа билээ. Түүнчлэн мэргэжилтнүүдийн бодлоор Израилийн Ерөнхий сайдад цаашдаа гадна талаас дарамт шахалт нэлээд ирснээр Ираны эсрэг цэргийн интервенц хийх эрсдэлийг бууруулж болзошгүй гэнэ. Түүнээс гадна төсвийн хямрал, эдийн засгийн хатуу бодлого явуулахаас аргагүй болох зэрэг бэрхшээлтэй шинэ Засгийн газар тулгарч магадгүй аж. Тэгвэл юмны үнэ, амьдралын өртөг нэмэгдэж буйд ард иргэд нь сэтгэл дундуур байгаа өнөөгийн байдал гүнзгийрэхэд түлхэц болж мэдэх юм.