Сирид энэ сарын 21-нд амиа золиослогч алан хядах ажиллагаа үйлдсэнээс 30 гаруй хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан талаар "Франспресс" агентлаг мэдээллээ. Дэлбэрэлт Хама мужийн Сальмиях хотноо Сирийн Засгийн газрыг дэмждэг байнгын бус дайчдын төв штаб байрладаг байшингийн дэргэд болжээ. Цэргийн албан хаагч ч, жирийн иргэн ч амиа алдсан байна. Шархадсан хүмүүсийн дотор нас барж болзошгүй хүн олон байгаа тул амь үрэгдэгсдийн тоо ойрын хугацаанд 50 хүрч болзошгүй гэнэ. Энэ өдөр Сирийн нийслэл Дамаскад бас хүчтэй дэлбэрэлт болж хүмүүсийн амь хохирсон аж. Дамаскийн ойролцоо ширүүн тулалдаан болсоор байгаа юм байна. Босогчид 21-ний шөнө Дамаскийн нэгэн цахилгаан станц руу дайрснаас хотын ихэнх хэсэг хагас өдөржин гэрэлгүй байжээ. Хүний эрхийг хамгаалагчдын цуглуулсан баримтаар бол энэ сарын 21-нд Сирид нийтдээ 142 хүний амь хохирсон байна.