Британийн ханхүү Харри Афганистан дахь албаа дуусгаад эх орондоо ирж буйг даваа гаригт мэдээлэв. Тэгэхдээ ханхүү алба хаасан газраасаа явчихсан, эсвэл ойрын үед явах гэж буйн алин болохыг тодруулсангүй. Ханхүү Харри Афганистанд 20 долоо хоног байсан. Гильменд мужийн "Кэмпбастион" баазад цохилт өгөх "Apache" нисдэг тэрэгний хоёрдугаар нисэгч-буудагчаар албаа хаасан байна. Ханхүүг ирсний дараахан цэргийн энэ бааз Талибын довтолгоонд өртсөн ч Британийн хатан хааны гэр бүлийн гишүүнд ямар нэг хохирол учраагүй. Тэр ч бүү хэл ханхүү Харри өнгөрсөн оны сүүлчээр лалын "Талибан" хөдөлгөөний хээрийн цэргийн командлагчдын нэгийг устгасан гэж мэдээлж байлаа. Афганистанд байхдаа тэрбээр сурвалжлагчтай ярилцахдаа энд алба хаах үед талибуудаас устгах тохиолдол нэг бус удаа гарсныг нуугаагүй. Харин өөр дэлгэрэнгүй зүйл хэлээгүй юм. Британийн хаан ширээ залгамжлагчийн бага хүүгийн хувьд энэ нь Афганистанд байсан хоёр дахь томилолт байлаа. 2007-2008 онд тэрбээр тус улсад 77 хоносон бөгөөд чухам хаана байгаа нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхэнд ил болсон учир аюулгүй байдлыг нь хангах үүднээс хугацаанаас нь өмнө буцаажээ. Тэгвэл Харрийг Афганистанд хоёр дахь удаагаа ирэхээс нь өмнө түүний алба хаах гэж буй талаарх мэдээллийг хэвлэлийнхнээс нууцлахгүй байхаар Их Британийн батлан хамгаалах байгууллага шийдсэн байна. Тэгэхдээ цэргийн нууцтай холбоотой нарийн ширийн зүйлийг дэлгэхгүй байх амлалтыг хэвлэлийнхнээс авсан аж. 1982 оноос хойш Британийн хааны гэр бүлийнхнээс байлдааны ажиллагаанд өөрийн биеэр оролцсон анхны хүн нь ханхүү Харри болж байгаа юм. Өмнө нь түүний нагац ах, II Элизабетагийн хоёр дахь хүү, Фолклендын дайны үед Хатан хааны тэнгисийн цэргийн флотод алба хааж байсан Йоркийн гүн Эндрю байлдааны ажиллагаанд оролцож байжээ.