Орос хүүхдүүдийг АНУ-ын гэр бүлүүдэд үрчлүүлэх тухайд нэгэнт эхэлсэн үйл явцыг эцэст нь хүргэхийг зөвшөөрөхийг Америкийн хууль тогтоогчид ОХУ-ын удирдлагаас хүсэж байна. Конгрессийн гишүүд уг асуудлаар Владимир Путинд өнгөрсөн баасан гаригт захидал илгээжээ. Уг захидалд Америкийн Парламентын 70 гаруй гишүүн гарын үсгээ зурсан аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд хүчин төгөлдөр болсон хүүхэд үрчлэх тухай хоёр талын хэлэлцээр хоёр орны эрх ашигт нийцсэн гэж Сенатын болон Конгрессийн гишүүд үздэг хэмээн захидалд тэмдэглэжээ.
Луизиана муж улсаас сонгогдсон сенатор Мэри Лэндрюгийн ажлын аппаратын ажилтнууд РИА Новости агентлагт дамжуулсан энэхүү захидалд “Энэ хүсэлтийг улс төрийн өнцгөөр харалгүй тус хууль ашиг сонирхлыг нь шууд хөндөж байгаа хүмүүсийн тухай бодож хандахыг хүсье. Эцэг хүний тань хувьд энэ явдлыг эртхэн шийдэж өгөхийг гуйя” гэсэн байна. Америкийн иргэдэд орос хүүхдүүд үрчлүүлэхийг хориглосон “Дима Яковлевын хууль” болон үрчлүүлэх хэлэлцээрийг хүчингүй болгох нэг талын шийдвэр энэ оны нэгдүгээр сарын нэгнээр хүчин төгөлдөр болж буй юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэлцээр цаашид нэг жил орчим хугацаанд үйлчилнэ гэж урьд нь мэдэгдсэн билээ.