ОХУ-ын Батлан хамгаалахын сайд байхдаа Анатолий Сердюковын явуулсан үйл ажиллагаанд Мөрдөн байцаах төв газраас шалгалт хийгээд эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. “Коммерсанть” сонинд өчигдөр бичсэнээс үзвэл, албан тушаалын эрх мэдлээ буруугаар ашигласан гэсэн үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөрдөн байцаах үйл ажиллагааны дүнд тогтоосноор Сердюковын эгчийн нөхрийн мэдэлд байдаг дээд зэрэглэлийн амралтын газрыг тохижуулахаар хугацаат цэргийн албан хаагчдыг илгээжээ. Энэ газарт нь 2011 оны наймдугаар сард Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар загасчилж байсан аж. Энд ногоон байгууламж бий болгох ажилд Агаарын цэргийн хүчний албан хаагчид нисдэг тэргээр хүргүүлэн ирж ажиллаж байжээ. Энэ бол 2011 оны зун болсон явдал гэнэ. Батлан хамгаалах яам төсвийн хөрөнгөөр энд зам тавиулсныг хожим нь мөрдөн байцаагчид илрүүлсэн аж. Эхлээд 18 сая рублийн хохирлын тухай ярьж байв. Гэтэл цаашид тооцоолсоор байтал хохирлын хэмжээ тав дахин өссөн байна. Чухам энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэхээр төлөвлөж буй гол баатар нь Сердюков байх янзтай. Батлан хамгаалахын сайд асны өмгөөлөгч Генрих Падва болохоор зам тавьсан нь Батлан хамгаалах яаманд хохирол учруулаагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл тус зам уг байгууллагын хөрөнгө болж үлдсэн байна. Бас Батлан хамгаалах яамны хөрөнгө “Обороносервис” компаниар дамжуулагдан хямд үнээр зарагдсан гэх асуудал хөндөгджээ. Учруулсан хохирол нь дөрвөн тэрбум доллараар үнэлэгдэж буй. “Обороносервис”-ийн хэрэг 2012 оны аравдугаар сард хөндөгдөж, үүнээс хойш нэг сар өнгөрөхөд Сердюков сайдын албаа өгсөн билээ. Түүнийг гэрчийн этгээдийн хувиар хоёр ч удаа мэдүүлэг авахаар шүүх дуудсан юм.