Японы зүүн хэсгээр өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон их хэмжээний цаснаар нэг хүн амиа алдаж, 900 хүн бэртэж, гэмтжээ. Токио хотод есөн цагийн дотор найман см зузаан цасан бүрхүүл үүссэн гэнэ. Энэ нь 2006 оноос хойш ороогүй их цасанд тооцогдож байгаа тухай Цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ. Иокохамад орсон цасны хэмжээ 13 см-т хүрч, уулархаг нутгаараа 30 см зузаан цас тогтсон байна.
Гэмтэж бэртсэн хүмүүсийн дийлэнх нь халтирч унаснаас гар, хөлөө гэмтээсэн настай хүмүүс байсан гэнэ. Түүнчлэн 634 м өндөр Токио Скайтри цамхгийн ажилтнууд иргэдийг цамхгаас холуур явуулж өгөхийг хамгаалалтын албаныхнаас хүссэн байна. Цамхаг дээр тогтсон цас хөлдүүс болж, бүхэл бүхлээрээ унаж байгаа тул хүн гэмтээхээс сэргийлж, цамхгийн гадна талд хамгаалалтын 60 хүн ажиллаж байгаа гэнэ.
Ттус улсад сүүлийн хэдэн жилд үзэгдээгүй их хэмжээний цас орсноос “Japanese airlines” өнгөрсөн даваа гаригт л гэхэд дотоодын 460 нислэгээ хойшлуулсан байна.
Б.ДУЛАМ