Цагаан ордны тэргүүн Барак Обама галт зэвсэгт тавих хяналтыг үр дүнтэй болгоход чиглэсэн нарийвчилсан заалт бүхий хуулийн төслийг Конгресст өргөн барилаа. Чухам эл агуулгаараа сүүлийн 20 жилд анхных нь гэж болох уг баримт бичигт галт зэвсэг эзэмшигчдийн эрхийг хамгаалагчдын зүгээс хүчтэй эсэргүүцэл тулгарах төлөвтэй байна. АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Б.Обама хөнөөл ихтэй зэвсэг, олон сумны багтаамжтай дайзыг хориглохоос гадна зэвсэг худалдан авагчдад эргээд тавих хяналтыг өргөн хүрээнд зохион байгуулахыг уг төсөлд оруулжээ. Мөн Конгрессоор заавал хэлэлцэн батлуулах шаардлагагүй 23 гүйцэтгэх ажиллагааны төсөлд Америкийн засаг захиргааны тэргүүн гарын үсэг зурсан байна.
Коннектикут муж улсын дунд сургуульд галт зэвсгийн халдлагад 20 хүүхэд, зургаан багш өртөн, амь хохирсон хэрэг гарснаас нэг сарын дараа Цагаан ордны эзэн энэхүү төлөвлөгөөгөө танилцууллаа. Харин АНУ-ын галт зэвсгийн хамгийн том лообий бүлэг Буу эзэмшигчдийн холбоо Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг улсад нүүрлэсэн хямралыг шийдэх гарц хэмээн үзэхгүй байна. Тус холбооноос гаргасан мэдэгдэлд “Зөвхөн хуулиас гаждаггүй, үнэнч шударга буу эзэмшигчдэд л энэ нь нөлөө үзүүлж, гэнэтийн эмгэнэлт хэргүүдээс үр хүүхэд маань хамгаалалтгүй хэвээр үлдэнэ” гэж дурджээ.
Б.Обамагийн төсөлд сүүлийн үед олон нийтийн газар хүний аминд халдсан хэргүүдэд ашигласан шиг цэрэг, батлан хамгаалахын маягийн зориулалттай зэвсгийн худалдаанд тавьсан хоригийн хүчинтэй хугацаа дууссаныг дахин сэргээхээр заасан аж. Харин БНН-ынхан улс төр, эдийн засгийн тусгай ашиг сонирхол бүхий бүлгүүд үүнийг хүний эрх, эрх чөлөөг боогдуулсан, дарангуйллын арга гэж тодорхойлж байна. АНУ иргэдийнхээ гар дээрх галт зэвсгийн тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтээр “иргэний зэвсэг хувьдаа хадгалах, шаардлага гарвал батлан хамгаалахын зорилгод ашиглах эрх”-ийг хуульчлан баталгаажуулсан байдаг.
ÁÓÓÍ ÄÓÓ ÃÀÐÑÀÍ ÀÍÓ-ÛÍ ÑÓÐÃÓÓËÈÓÄ
1. Никел-Майнс (Пенсильвани муж), 2006.10.02:
32 настай эрэгтэй шашны дунд сургуульд нэвтрэн, галт зэвсэг хэрэглэн дөрвөн хүнийг хороож, өөрийгөө егүүтгэв. Долоон хүн шархадсаны хоёр нь дараа нь эмнэлэгт очоод нас барсан.
2. Такома (Вашингтон), 2007.01.03:
17 настай хөвгүүн сургууль дээрээ буу авчирч, гал нээв. Хэрэгтнийг саатуулсан бөгөөд нэг хүн шархаджээ.
3. Шарлотсвилл (Виржини), 2007.04.16:
Их сургуулийн 23 настай суралцагч оюутнууд руу гал нээх үеэр 33 хүн амьсгал хурааж, 30 хүн шархадсан. Уг этгээд мөн л аминдаа хүрсэн.
4. Кливленд (Охайо), 2007.10.07:
14 настай хүү сургуульдаа буун дуу гарган, олныг цочирдуулж, дөрвөн хүн шархдуулаад, өөрийгөө зүйл дуусгав.
5. Денвер (Колорадо), 2007.12.10:
Христийн номлогчдын сургуульд 20 настай залуу гал нээж, хоёр хүний аминд хүрэв. Хоёр хүн шархдав.
6. Де-Калб (Иллинойс), 2008.02.15:
Их сургуулийн танхимд 27 настай эрэгтэй гал нээж, дараа нь амиа бүрэлгэсэн. Таван хүн өөд болж, 18 хүн шархадсан.
7. Коламбус (Охайо), 2010.03.09:
Их сургуулийн байранд 50 настай эрэгтэй хамт ажиллагчид руугаа буу шагайв. Тус бүр нэг хүн шархдаж, нас барсан эл хэргийн эзэн өөртөө ч сум зориулсан.
8. (Небраска), 2011.01.05:
17 настай хүү сургууль дээрээ галт зэвсэг хэрэглэн, хоёр хүнийг цааш харуулав. Нэг хүн шархдав. Эрэгтэй өөрийгөө зүйл дуусгасан.
9. Шардон (Охайо), 2012.02.27:
Хичээл дөнгөж эхэлж байтал 17 настай хүү гал нээв. Нэг хүн амь алдан, дөрвөн хүн шархадсан.
10. Окленд (Калифорни), 2012.04.02:
Христосын шашны “Ойкос” их сургуулийн хичээлийн танхимд 43 настай эрэгтэй долоон хүнийг буудан хөнөөв. Гурван хүн шархадсан байна.
11. Ньютаун (Коннектикут), 2012.12.14:
20 настай эрэгтэй бага сургуульд зэвсэгт халдлага үйлдэх үеэр 27 хүн, түүний дотор 20 хүүхэд амь үрэгдсэн. Хэрэгтэн нь өөрийгөө бүрэлгэсэн.
Х.ЭНХ