Пакистаны Дээд шүүх авлигын хэргээр Ерөнхий сайд Ража Первез Ашраф, түүний хамтран зүтгэгч 15 хүнийг баривчлан, байцаалт авахаар уржигдар шийдвэрлэв. Эл алхам тус улсад зарлан тунхагласан “хувьсгал”-тай цаг хугацааны хувьд давхацсан нь улс төрд мөд шинэхэн донсолгоо нүүрлэхийн дохио боллоо. Урду хэлнээс орчуулбал Пакистан нь “Цэвэр ариуны өлгий” гэсэн утгатай үг аж.
1947 онд улсынхаа гал голомтыг тулахдаа шашин хийгээд ёс суртахууны хувьд өөгүй ард түмэн хэмээсэн агуулгаар тийнхүү нэрлэж. Үнэхээр өө сэвгүй хүмүүс тэнд олон олноороо байгаа, бас нүгэлтнүүдийг боломжтой бүхий л аргаар гишгэх газаргүй болговч энэ бүхэн нь Пакистаны нийгмийн олонход бэрхшээл учруулж ирсэн авлига, албан тушаалаа урвуулан ашиглах үзэгдлээс гэтэлгэж дөнгөөгүй байна. Зарчимгүй хулгайч, авлигачид, хууран мэхлэгчид төв, орон нутгийн удирдлагад яаж ийгээд л гарчихдаг.
Одоогийн Ерөнхийлөгч Асиф Али Зардарийг олон нийт “10 хувийн Асиф” (хахуульд авахыг хүсдэг мөнгөнийх нь хэмжээгээр) гэж хочилдгийн сацуу эх орноо америкчуудад худалдсан хэмээн сэжиглэдэг нь ор үндэслэлгүй хардлага биш гэдэг. Ерөнхий сайд хүртлээ Төр, Засгийн өндөр албан тушаалтнууд нь ээлж дараалан авлигын хэрэгт холбогдон, дээлээ нөмөрдгөөс бүрэн эрхийн хугацаагаа дуустал албандаа тогтож үлдэх нь нүдний гэм. Өмнөх Ерөнхий сайд Юсуф Реза Геланийг шүүхэд хүндэтгэлг үй хандан, өөрийн найз “10 хувийн Ерөнхийлөгч”-ийнхөө бусармаг үйлдлийг нуун дарагдуулсных нь төлөө албанаас нь хөөсөн ч оронд нь томилогдсон Ража Первез Ашраф Төрийн тэргүүний хамтран зүтгэгч гэдгээ ч нотолж, хуучин Ерөнхий сайдын шийрийг хатаах залгамжлагч болохоо харууллаа. Улс төрийн элитийн ёс зүйг үй авирлал л олон түмнийг удирдлагадаа үеийн үед итгэж чадахгүй байдалд хүргэж иржээ.
Ариун газрын алдагдсан төрхийг сэргээх оролдлогыг сүүлийн үед популистууд, хоосон яригчид гээд “салбар” болгоны төлөөлөл хийх болсон байна. Бүхнээс цэвэр харагдахаар генералууд, тагнуулчид нэн хичээж буй агаад улс орны хамгийн хүчирхэг институцэд эргэлзэгчдийн амыг хамхих боломж тэдэнд ахиу байгаа гэнэ. Генералуудын ард бие биеэ шашны идэвх зүтгэлээр давахыг оролдож буй исламын төрөл бүрийн хөдөлгөөн байгууллагууд шил дарна. Шашныхны идэвх дээд цэгтээ тулахаараа “хангалттай цэвэр бус” нэгнээ чулуугаар нүүлгэхээс авахуулаад буудалцаан дэлбэрэлт болтлоо халгина. Шашны цөөнхүүд энэ хэсэгт их төлөв багтана. Гуравт, “Шударга ёсны төлөө хөдөлгөөн” гэдэг нам орж байна.
Сүүлийн үед нэр хүнд нь зогсолтгүй өсөж буй улс төрийн эл хүчний дэвшүүлж буй зорилт, мөрийн хөтөлбөрийг “сюрреалист уусмал” гэж нэрлэвэл зохилтой санагдана. Үндсэрхэг, цэрэгжсэн, исламын, социалист, еврейн эсрэг үзэл зэрэг ханхалсан мөрийн хөтөлбөртэй тус нам “Авлигатай эвлэршгүй тэмцье” гэдэг уриа дэвшүүлсэн аж. Эдгээр гурван хүчин Пакистаны одоогийн удирдлагатай янз бүрийн шалтгаанаар илтэд шөрг өөцөлдөж буйгаараа л ижилхэн. “Америкчуудын гараар моой бариулж, биднээс салж, яс амрах гэсэн” хэмээн генералууд Ерөнхийлөгчид гоморхохын сацуу иргэний засаг захиргаа эрх мэдлийг нь хязгаарлаж буйг таалахгүй байгаа. Исламын талынхан болохоор Пакистаныг одоогийнх шиг Өрнөдийн талыг баримтлагч бус, Дундад зууны үеийн ёс зүйн гайхам хэв маягийг өөртөө шингээсэн, шашин төвт улс болгохыг мөрөөдд өг.
Харин “Шударга ёсны төлөө хөдөлгөөн”, түүний лидер Имран Хан зүгээр л засгийн эрх мэдэл хүсч явна. Улсынхаа крикетийн шигшээ багийн ахлагч асан, 20 гаруй жил эл спорттой амьдралаа холбож яваад улс төрд “урвасан” эл эрхэм үе үехэн үг яриагаараа Адольф Гитлерийг санагдуулдаг. Гэсэн хэдий ч социализм, национализмын “коктейль”-д нь эх орон нэгтнүүд нь амтшин, алга ташиж сууна. Пакистаны элит 2012 онд бүтэн жилийн турш тэнцвэр барьж, хэн нэг нь илүү огцом алхам хийгээгүй. Яг л ээлжит их тулааны өмнө талууд нам гүмхэн хүчээ нөөж, тактикаа боловсруулж суудагтай адил. Харин шинэ он гармагц дайралтад шилжив. Улсын удирдлагыг “хулгай, тансаглал”-аар бохирдсон гэж буруутгадгаараа зартай, исламын номлогч Тахирул Кадри хүмүүсээ цуглуулж, Засгийн газар, орон нутгийн удирдлагыг огцруулахаар нийслэл рүү маршилсан. Исламабад хүртэл ердөө 20.000 хүн аялж, нэг сая иргэнийг хөдөлгөх санаа нь бүтээгүй ч Кадри элитийг хилэгн үүлж дөнгөв. Учир нь түүнийг аялдан дагалдагчдын эгнээнд шинэ хүмүүс нэгдсэн байлаа. Тиймдээ ч ихэд урамшсан Кадри “арабын хавар”-ын жишгээр Пакистанд хувьсгал эхэллээ гэж зарласан юм.
Одоогийн Засаг худалдагдсан, үүрэг гүйцэтгэх чадамжг үйн хувьд Парламентын ээлжит сонгууль (2012 оны тавдугаар сар)-ийг зохион байгуулах эрхгүй. Тиймээс түр Засгийн газар байгуулахыг шаардан, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй бол хүч хэрэглэхээр сүрдүүлсэн аж. Гэвч дэмжигчдийнхээ байлдааны бэлэн байдлыг шалгах хэрэг түүнд гарсангүй. Хувьсгал зарласан өдөр нь Дээд шүүхээс Ерөнхий сайд, түүний тойрон хүрээлэгчдийг баривчлах дээрх шийдвэр гарчээ. Ус, цахилгаан хангамжийн сайдаар ажиллаж байхдаа хөдөлгөөнт цахилгаан үүсгүүр худалдан авах Засгийн газрын гэрээгээр хувьдаа овоохон юм унагасан зэрэг авлигын хэд хэдэн асуудалд Ерөнхий сайдын нэр холбогдоод байгаа аж. Хэдий Кадри шашны зүтгэлтний хувиар олонд танигдсан ч цэргийн элиттэй тогтоосон харилцаа нь хэнд нь ч нууц биш. Ерөнхийлөгч асан, генерал Первез Мушарафын (цэргийн эргэлтээр засгийн эрхэнд гарсан) үед Парламентад сонгогдож байсан.
Улс орноо 10 жил тогтвортой байлгасан хэмээн генералуудынхаа дунд Мушараф одоо ч үнэлэгддэг. Пакистаны армийн дээд удирдлага Дээд шүүхтэйгээ зузаан холбоотой нь эгээтэй л “Зэвсэгт хүчний Ерөнхий штабын Хууль зүйн газар” гэж нэрлэгддэггүй. Тиймээс сөрөг хүчний нийслэл рүү хийсэн давшилт, Ерөнхий сайд шүүхэд дуудагдсан хоёр армийн нэгдмэл ажиллагаа мэт харагдана. Ядуурал, нийгмийн тогтворгүй байдлаас гадна авлига болон хувьсгалын дуулианд хөл алдан живж буй Пакистаны жирийн сонгогч жинхэнэ аврагч нь хэн болохыг тавдугаар сард мэдэх нь. Тэгэхдээ үндэсний баатар (крикетийн багийн ахлагч), авлигатай эвлэршгүй тэмцэгч, ядуус, өвчтэй хүмүүсийн эрхийг хамгаалагч (буяны хэд хэдэн сантай), чин сүжигт мусульман, улс орноо хөл дээр нь босгон, армийг бэхжүүлэх чадвартай гэсэн олон шалгуур үзүүлэлт хангасны хувьд Имран Хан аврагчид хамгийн тохирох сонголт байж мэдэх нь. Гэвч дээр дурдсанчлан лалын тулгуур үзлээс социализм хүртэл олон “найрлагат” үзэл баримтлалтайн хувьд түүний ялалт Пакистаныг аюултай чиглэлд хөтлөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.
Х.ЭНХ