Японы агаарын тээврийн тэргүүлэх компаниуд болох “All Nippon Airways” (ANA), “Japan Airlines” (JAL) өчигдөр “Боинг- 787 Dreamliner” загварын бүх онгоцныхоо нислэгийг цуцаллаа. “Мөрөөдлийн хөлөг”- ийн нэг нь ослын буулт хийсний дараа дээрх шийдвэрийг гаргасан талаар “Ройтерс” мэдээлэв. Тус хоёр компани нь “Dreamliner” загварын бүх онгоцондоо нарийвчилсан үзлэг шалгалт хийсний эцэст ашиглалтад эргэн оруулахаа мэдэгдэв. Одоогийн байдлаар “Боинг” компани уг загварын 50 онгоц үйлдвэрлэн нийлүүлээд буйн бараг тэн хагас нь буюу 24 нь дээрх авиакомпаниудад ногддог. Тодруулбал, ANA 17, JAL долоон “Мөрөөдлийн хөлөг”-тэй юм байна.
ANA-гийн онгоц лхагва гаригт Японы баруун хэсэг дэх Ямагучи хотоос Токиогийн ойролцоох “Ханеда” нисэх онгоцны буудалд буух хуваарьтай дотоодын нислэг үйлдэж байж. Гэтэл онгоц хөөрснөөс 45 минутын дараа нисэгчид болон зорчигчдын бүхээгт утаа гарч, аккумуляторын үйл ажиллагаанд доголдол үүссэн тул яаралтай газардахад хүрчээ. Онгоцонд сууж явсан 129 зорчигч, нисэх багийн найман гишүүнд ямар нэг ноцтой гэмтэл учраагүй байна. ANA авиакомпанийн “Dreamliner”-т сүүлийн үед ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой асуудал ойр ойр гарч буй.
Энэ сарын 11-нд уг загварын онгоцны нисэгчдийн бүхээгийн цонхны шил цуурч, өөр нэг онгоцонд нь түлш гоожсон байна. Арилжааны нислэгийн ирээдүй хэмээн олон нийтийн харж буй “Dreamliner”-ын аюулгүй байдал ийнхүү эргэлзээ төрүүлж буй тул Япон болон үйлдвэрлэгч тал АНУ өргөн хүрээнд шалгалт явуулахаар ажлаа эхлээд байна.
Х.Энх