Сирийн Алеппо хотын их сургуульд хоёр удаа дэлбэрэлт болсноос амь хохирсон хүмүүсийн тоо 80-аас давсан байна. Мужийн захирагч Мохаммед Вахид Аккадын хэлснээр бол дэлбэрэлтийн улмаас 82 хүн амиа алдаж, 160 хүн шархаджээ. Syrjan Obserwatory for Human Rights хэмээх байгууллагынхан болохоор хохирогсдын тоо нэмэгдэнэ гэж үзээд байгаа. АР агентлагийн мэдээгээр их сургуулийн байранд оюутнуудаас гадна Алеппо орчмын 30 мянга шахам дүрвэгч амьдарч байгаа аж.
Болсон үйл явдлын хариуцлагыг үүрэхээ ямар ч байгууллага мэдэгдээгүй байна. Засгийн газрын цэрэг болохоор зенитийн пуужин хэрэглэсэн босогчдыг энэ хэрэгт буруутгаж байна. Довтолгооныг Сирийн армийн сөнөөгч онгоцууд хийж байна гэж зарим нь үзэж буй. Хотын эрх баригчид хийгээд улсын телевизүүд болсон явдлыг алан хядах ажиллагаа гэж тодорхойлжээ. Алеппо хот Засгийн газрын цэрэг, босогчдын хүч хоёрыг заагласан мужийн төв нь юм. Их сургууль Сирийн армийн хяналтад байгаа нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа. Сири дэх иргэний дайн 2011 оны хавар эхэлсэн.
Р.ЖАРГАЛАНТ