Австрийн Дотоод хэргийн сайд, Европарламентын депутат асан Эрнст Штрассерт авлигын хэрэгт нь энэ сарын 14-нд Вена хотын шүүх дөрвөн жил хорих ял оноов. Евро парламентаар хэлэлцэж буй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад дэмжлэг үзүүлснийхээ төлөө энэ улс төрч мөнгө авч буйг нь цахим хальсанд бичээд авчихсан байсан нь эрүүгийн хэрэг үүсгэх шалтаг болжээ. Бичлэгийг 2010, 2011 онд хийсэн байв.
Улстөрч 100 мянган евро нэг жилд өгөхийг хүссэн байлаа. Штрассертай хэлэлцээр хийсэн хүмүүс нь “The Sunday Times” сонины сурвалжлагчид байсан аж. Тэд өөрсдийгөө Веrgman&Lynch фирмийн төлөөлөгчид гэсэн байв. Штрассертай тэдний хийсэн нэг уулзалт тус “фирмийн” албан байранд болсон бөгөөд хүмүүсийн нүдэн дээр хийсэн уг үйл явдалд оролцогчид нь дээрх сонины ажилтнууд байжээ.
Өөртэй нь яриа хэлэлцээ хийсэн хүмүүстэй уулзсан, хамтарч ажиллахыг зөвшөөрсөн гэдгээ Штрассер нотолсон байна. Үйл явдлыг бичиж авсан хальсаа хууль хяналтын байгууллагад илгээсэн сэтгүүлчид депутатын үйл ажиллагааг Европарламентын дүрэм журамд харшилж байгаа гэж үзэж буйгаа хэлжээ. Тус сонины энэ мэт хавханд Евро парламентын өөр депутатууд ч тухайлбал, Румыний Адриан Северин, Словенийн Зоран Талер, Испанийн Пабло Сальба нар орсон аж. Тэд бүгд өөрсдийгөө буруугүй гэж мэлзсэн ч Северин өөрийнх нь нэрийг дэвшүүлсэн холбооноос хасагдаж, Талер өөрөө огцорсон байна.
Штрассер ч энэ хэрэг явдлаас үүдэн 2011 онд Европарламентын депутатын бүрэн эрхээ цуцлуулсан байна. Эрнст Штрассер 2000-2004 онд Австрийн Дотоод хэргийн сайдаар ажиллаж байжээ. Тэр бээр 2009 оноос Европарламентын депутат болсон юм. Түүний нэрийг Австрийн ардын нам дэвшүүлсэн аж.
Р.ЖАРГАЛАНТ