Хятадын Юннань мужид дөрвөн сарын хугацаанд 11 хүний амийг хөнөөсөн Чан Юнминийг уржигдар цаазаар авсан тухай "Чайна дэйли" мэдээлэв. Орон нутгийн шүүхийн төлөөлөгчөөс тус сонинд иш татсанаар, онцгой хэрцгий гэмт хэрэг үйлдсэний улмаас 2012 оны долдугаар сард ялын дээд хэмжээ сонссон Юнминий үйлдэл, тэдгээрийн үр дагаврыг хэмжээлшгүй хүнд гэж тодорхойлсон байна. Юнмин 1979-1997 онд хүн амины хэргээр шоронд ял эдэлжээ. Хорих газраас суллагдсаны дараах түүний амьдралын талаар ямар нэг мэдээлэл байхгүй ч 2008-2012 онд 11 эрэгтэйг хороосон нь бүгд хэрэгтний гэрийн ойролцоо явсан явган зорчигчид байжээ. Гэмт хэргийн ул мөрийг баллахын тулд хохирогчдын цогцсыг мөчлөн түүгээр ч зогсохгүй зах дээр аваачин, тэмээн хяруулын мах хэмээн борлуулсан тухай Хонконгийн "The Standard" хэвлэл нотолжээ. Хүний махыг хүнсэндээ хэрэглэж байсны ул мөрийг ч Юннань дахь гэрээс нь цагдаагийнхан илрүүлсэн гэнэ.