Саяны шинэ жилийн баяр өнгөрөхөөр Оросын сэтгүүлчид баячууд нь хаана хэрхэн амарсныг дүгнэж үзэхэд Францын Куршевель гэдэг нэрд гарсан амралт сувиллын газрын ер бусын нэр хүнд нэлээд унасан байдалтай байв гэнэ. Роман Абрамович л гэхэд Карибын тэнгисийн нэг арал дээр амрахдаа 400 орчим хүн дагуулсан байна. Ксения Собчак ч шинэ жилийг Сочид угтсан аж. Дуучин Валерия, нөхөр Иосиф Пригожин болон хүүхдүүдтэйгээ Мальдивын арал дээр байжээ. Балетын бүжигчин Анастасия Волочкова ч энэ газрыг сонгосон гэж "Комсомольская правда"-д бичсэн байна.
Найруулагч Павел Лунгин алжаалаа Индонезид тайлжээ. Энэ жил Куршевель хөл ихтэй байна гэж хэлж боломгүй хэмээн Penny Lane Realty-гийн ерөнхий захирал, Альпын нурууны энэ амралтын газрын байнгын зочин Георгий Загуров ярьжээ. Куршевельд энэ онд хүмүүс ам муутай байна. Уулын цана сонирхогчид Герман, Итали, Альпыг илүүд үзжээ. Францыг төдийлөн сонирхохоо байж. Байдлыг ажихад өөр үе иржээ. Куршевелийг мөрөөдөгчид мөнгө хуримтлуулж байгаад тийшээ очсон ч тэр нь тийм ч аятайхан байсангүй хэмээн Үйлдвэрлэл эрхлэгчдийн "Новое дело" холбооны ерөнхийлөгч Михаил Дворкович өөрийн бодлыг хуваалцсан байна. Куршевельд ам сайтай хүн ч цөөнгүй. Жишээ нь Кристина Орбакайте хүү Дени болон түүний эцэг Руслан Байсаров нартай, дуучин Глюкоза нэр бүлийнхэнтэйгээ энд амарсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байсан Михаил Прохоров энд хөл ихтэй цэнгүүн зохион байгуулдгаараа нэрд гарсан хүн. Телевизийн хөтлөгч Владимир Познерийн сайтад байгаа бизнесмэнүүдийн үгнээс үзвэл Оросын дээдсийн хувьд Куршевель "хөгширч, хоцрогдсоноо харуулсан ажгуу.
Тухайн үедээ олны сэтгэлийг татаж байсан Куршевель гэдэг уулын цанын амралтын газрыг мартах хэрэгтэй болсон байна. Тэнд одоо дунд гарын бизнесмэнүүд болон бэлтэй эрчүүд хайсан хүүхнүүд л саатах болжээ. Баячууд, алдартнууд шинэ жилийн баяраар Карибын тэнгисийн Сен-Бартс арлыг зорих болсон аж". Роман Абрамович чухам энэ арал дээр амарсан бөгөөд бие давхар хайртай бүсгүй Дарья Жукова нь хамт байжээ. Мөн Полина Дерипаска, Борис Ельциний охин Татьяна Дьяченко, Валентин Юмашев хоёр, бизнес леди Ольга Слуцкер, Владимир Познер ч энд байжээ. "Эх орныхоо хувь заяаны төлөө байнга санаа зовж явдаг сэтгүүлч Владимир Познерийн духны үрчлээ тэнийсэн байв" гэж сайтад нь түүний амралтыг үнэлсэн байв. Нэрт сэтгүүлчийг Оросын олигархийн зочдын дотор байх юм гэж олон хүн бодоогүй байж магад.