2012 оны аравдугаар сард талибуудын суманд өртөн шархадсан Пакистаны сурагч Малала Юсуфт Симон де Боударын нэрэмжит шагнал олгохоор болжээ. Уг шагналыг эмэгтэйчүүдийн эрх ашгийн тэмцэгчдэд олгодог юм. Парист болсон уг ёслолд Малала Юсуфзаигийн өмнөөс эцэг нь оролцжээ. “Манай орны хувьд эцгүүд нь хүүхдийнхээ ач гавьяагаар олонд танил болж байна. Харин охидод тоомсоргүй ханддаг. Тэгвэл охиныцхоо буянаар олонд нэр алдартай болсон цөөн хүний нэг нь би” гэж эцэг Зияуддин Юсуфзаи мэдэгдсэн байна. Малала Юсуфзаи 11 наснаасаа блог ашиглаж 2007-2009 онд талибуудын мэдэлд байсан Пакистаны Сват тойргийн амьдралын талаар бичих болсон байна.
Хүний амь хороох болон талибуудын өдөөдөг бусад гэмт хэргийн тухай, Пакистанд эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэж байдаг тухай блогтоо бичдэг байв. Тэрбээр боловсрол олж авах эрхийг эмэгтэйчүүдэд олгохын төлөө тэмцэж иржээ. Блогоороо олны танил болсон Малала руу 2012 оны аравдугаар сарын 9-нд талибууд довтолж, хүнд шархдуулсан юм. Бууны сум толгой, хүзүүг нь оносон аж. Хүнд шархадсан охиныг эхлээд Пакистанд цэргийн эмнэлэгт эмчилж байгаад Англид аваачсан. Тэгээд 2013 оны нэгдүгээр сарын 4-нд Малала эмнэлгээс гарав.
Малала одоо Англид гэр орныхонтойгоо аж төрөх гэнэ. Удахгүй түүнд мэсэл засал хийнэ. Симон де Боударын шагналыг 2008 онд бий болгосон юм. Шагналын хэмжээ 20.000 евро.