Нью-Йорк хот орчимд үйлчилдэг “Sea Streak“ гатлага онгоц Доод Манхэттений орчимд зогсоолд очих үедээ осолд оржээ. Үүнээс хохирол амссан хүний тоо 85 хүрсэн байна. АНУ-ын эргийн хамгаалалтын алба ийн мэдээлэв. Шархадсан нэг хүний амь нас дээсэн дөрөөн дээр байгаа аж. Америкийн телевизийн CBS суваг хохирсон хүмүүсийн тоог 74 гэж мэдээлсэн байна. Уг явдал болсны дараахан Reuters агентлаг 57 хүн бэртсэн, хоёр хүн нэлээд хүнд буй, бас есөн хүн сүрхий бэртсэн хэмээн мэдээлж байв.
Осол болсон газарт Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг очсон аж. “Бид бетон хана мөргөсөн шиг мэдрэмж төрсөн” гэж уг явдлыг нүдээр үзсэн Билл Маккензи хэлсэн бол, гатлага онгоц зогсоолд дөхөж ирж буйг хараад зогсож байсан хүмүүс “Нисэж байгаа юм шиг болсон” гэж аврагчид ярьсан байна. Толгой, хүзүүндээ гэмтэл авсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлжээ. Осол болмогц онгоцны бүхээгт байгсад яах учраа олохоо байсан байна. Онгоцон дээр нийтдээ 326 зорчигч, багийн таван гишүүн байжээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Компанийн төлөөлөгч болохоор “Манай онгоцны бүх командлагчид арван жилийн туршлагатай” гэж хэлээд байдаг.
Онгоцны ахмад 36 настай Жейсон Реймер болон түүний багийн дөрвөн гишүүн сэтгүүлчидтэй уулзахаас татгалзсан байна. Осол болсны дараахан тэдний цусан дахь согтууруулах ундааны хэмжээг тодорхойлоход сөрөг үр дүн харуулсан аж. Нүдээр үзсэн хүмүүсийн яриагаар бол осол болох үед цаг агаарын байдал сайхан, онгоц хэвийн хурдтай байсан гэнэ. Онгоц Нью-Жерсигээс Нью2Йорк руу явж байжээ. Осол өглөөний 08.45 цагт болсон байна. 2003 онд болсон яг ийм ослын улмаас Нью-Йоркийн Стейтен-Айленд дүүрэгт 11 зорчигч амьд үрэгдэж, 70 хүн шархадсан аж.
Р.ЖАРГАЛАНТ