Иракийн курдүүд Туркээр дамжуулан нефтиэ бие даан дэлхийн зах зээл дээр гаргаж эхэллээ. Нефтийг автомашинаар Туркийн Газрын дундад тэнгисийн Мерсин боомтод хүргэж байгаа аж. ТакТак гэдэг нэртэй ордоос түүхий эд гадагш нь гаргахыг Курдистаны Засгийн газар зөвшөөрсөн гэж Туркийн "Genel Energy" компанийн ерөнхийлөгч Мехмет Седил мэдэгдсэн байна. Автономит энэ муж нүүрсуст өрөгчийг бүр өнгөрс өн оны аравдугаар сараас экспортолжээ. Хор-Мор ордоос л гэхэд хоногт 15 мянга орчим баррелийг нийлүүлж буй аж. Оронд нь Турк дахин боловсруулсан нефть бүтээгдэхүүн өгдөг байна. Нүүрс-устөрөгчийг ийн бие даан гадагш гаргах курдүүдийн оролдлогыг төв Засгийн газар нь хууль бус үйлдэл гэж үздэг гэнэ.
Иракийн Курдистан одоо эдийн засгийн тусгаар тогтнол олж авахын төлөө төв Засгийн газартайгаа үзэлцэж байна. 2003 онд АНУ, түүний холбоотнуудын хүчин дайрснаар эхэлсэн дайны уршгаар Иракийн нефть гадагш гарах нь багасч, бас зохицуулалтгүй болсон байв. Курдүүд болохоор Багдадын оролцоог үйгээр түүхий эдийг гадагш нь гаргахыг оролдож байна. Орд газар хайх хийгээд нефть олборлох гэрээ хэлэлцээрийг нэгэн гарт зангидах тухай хуулийг 2008 онд Иракийн Засгийн газар гаргав. Энэ шийдвэрийг курдүүд хүлээж аваагүй тул бие даан түүхий эд гадагш нь нийлүүлэхийг 2009 онд Багдад Курдистанд арга буюу зөвшөөрөв. Тэгэхдээ л нефть гадагш нь гаргах асуудлыг бүхэлд нь өөрийн хяналтад авах санаархлаа төв Засгийн газар орхисонгүй.
Курдүүд нефтийг Багдадаар дамжуулан экспортлох, орлогыг нь тэнцүү хувааж байхаар сөргөлдөгч талууд 2011 онд тохирчээ. Үүнээс хойш төлбөр нь олон сараар саатсан гэх шалтгаанаар курдүүд нефть нийлүүлэх ажлаа байсхийгээд зогсоох болсон байна.