Оросын "Новая газета" сонин Төрийн Думээ тараах асуудлаар хоёр долоо хоногийн дотор 90 орчим мянган хүний гарын үсэг цуглуулжээ. Уг ажлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд сайтаар эхлүүлсэн аж. Саналаа илэрхийлэх хүсэлтэн маш олон байснаас сайт зарим үед "ажлаа" дийлэхгүй байсан гэнэ. Эхний өдөр л гэхэд 32 мянган гарын үсэг цугларсан байна. Гарын үсгийг хоёрдугаар сарын 1 хүртэл цуглуулах юм байна.
Оросын өнчин хүүхдүүдийг америк хүмүүст үрчлүүлэхийг хориглосон хуулийг эсэргүүцэгчдийн гарын үсгийг цуглуулах асуудалд Төрийн Думийн гишүүд хайхрамжгүй хандсаны дараа "Новая газета" сонин ийм санаачилга гаргажээ. Хуулийг хэлэлцэж байх явцад 100 мянган хүний гарын үсэг цугласан бөгөөд олон нийтийн энэ санаачилгыг Парламент авч үзэх ёстой гэсэн байр суурийг Ерөнхийлөгч Владимир Путин баримталж байсан юм.
130 мянган хүний гарын үсгийг өнгөрсөн сарын 21-нд Төрийн Дум, Холбооны зөвлөл болон Ерөнхийлөгчид өгсөн байна. Гэвч олон нийтийн санаачилгыг авч үзэлгүйгээр хуулийг гурав дахь хэлэлцүүлгээр баталж, Холбооны зөвлөл зөвшөөрч, В.Путин ч гарын үсгээ зурчихсан юм.
Р.ЖАРГАЛАНТ