Хөдөлмөрийн лагериар дамжуулан шийтгэл эдлүүлэх системийг БНХАУ энэ онд халахад бэлэн байна. 1957 оноос амьдралд нэвтэрсэн уг систем шүүхийн шийдвэргүйгээр иргэдийг дөрөв хүртэл жилээр хорих боломж цагдаагийнханд олгож байжээ. Тус улсын "Фажи жибао" сониноос "Новости" иш татсаныг үзвэл, Хятадын коммунист намын Улс төр, хууль тогтоох төв комиссын хуралдаан уржигдар болж, хөдөлмөрийн лагериудыг хаах шийдвэр гаргажээ.
Уг шийдвэрийг гуравдугаар сард товлосон Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурал буюу урд хөршийн хууль тогтоох дээд байгууллагын чуулганаар батламжлах юм байна. Тэгэхдээ хөдөлмөрийн лагерь руу хүмүүсийг бүр одооноос илгээхээ больж эхэлсэн тухай дээрх комиссын нарийн бичгийн дарга Мэн Зяньжу мэдээлээд, "Дахин хүмүүжүүлэх систем урьд нь үр ашгаа өгсөн. Одоо харин нөхцөл байдал өөрчлөгдсөн" гэж АР-т хэлжээ.
Хятадын шүүхийн тогтолцоог шинэчлэхэд дээрх арга хэмжээ томоохон алхам болж мэдэхийг ажиглагчид тэмдэглэсэн ч тодорхойгүй зүйл олон буйг санууллаа. Тухайлбал, өдгөө хөдөлмөрийн лагерьт хоригдож буй хүмүүсээ хэрхэх, гэмт хэргийн хариуцагчид зохих шийтгэл ногдуулахын өмнө шүүн таслах ажиллагаа явуулдаг болох эсэх нь тодорхой бус байгаа аж.
Өдгөө БНХАУ-д дахин хүмүүжүүлэх хөдөлмөрийн 300 гаруй лагерь ажиллаж байгаа агаад 260 мянган иргэн тэнд хоригдож байна. Тэдний дунд орон нутгийн эрх баригчидтайгаа шөргөөцөлддөг, хууль ёсны эрхийнхээ төлөө тэмцдэг тэрс үзэлтнүүд ч бий хэмээн хүний эрхийн хамгаалагчид ярьдаг аж.