Хөрш Хятад, Хойд болон Өмнөд Солонгостой харилцаа хурцдаад буй эл үед Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газар батлан хамгаалахын бодлого болон зэвсэг худалдан авах төлөвлөгөөгөө арванхоёрдугаар сард дахин нягтлахаар болсон талаар “Ёмүри” сонинд мэдээлжээ. Японы Ардчилсан нам засгийн эрхийг барьж байх үед буюу хоёр жилийн өмнө тодорхойлсон батлан хамгаалахын одоогийн бодлогоор энэ салбарын төсөв, армийн алба хаагчдын тоог танах байр суурь барьж ирсэн байна. Харин Абэ батлан хамгаалахын зардал, боловсон хүчин бэлтгэхэд томоохон дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа аж.
Арванхоёрдугаар сарын 16-нд болсон сонгуульд хол давуу ялалт байгуулсан Либерал ардчилсан намын тэргүүн тэрбээр дайны эсрэг үзэл баримтлал бүхий 1947 оны Үндсэн хууль дахь цэрэг армийн асуудлаарх хязгаарлалтыг багасгах саналтай байгаа. “Ёмүри” сонинд мэдээлснээр, Засгийн газар ирэх арван жилд батлан хамгаалахын салбарт юу хийх талаарх бодлого чиглэл, ойрын таван жилд ямар зэвсэг техник авахаа төлөвлөх юм байна. Ерөнхий сайд дөрөвдүгээр сараас эхлэх энэ жилийн батлан хамгаалахын төсвийг 100 тэрбум иенээр нэмэгдүүлэхээр болсон байна. Радарын технологийн судалгаа болон эргүүлийн онгоцны засвар, түлшний нөөц бэлтгэхэд уг хөрөнгийг зарцуулах бөгөөд Япон сүүлийн 11 жилд цэрэг армийн зардлыг анх удаа үлэмж өсгөж байгаа нь энэ.
Г.Оюун