Сири дэх нөхцөл байдлыг энхийн аргаар зохицуулах Башар Асадын төлөвлөгөөг АНУ-ын Төрийн департмент “бодит байдалд үл нийцэх” гэж нэрлэжээ. Америкийн гадаад бодлогын энэ байгууллага Асадыг Ерөнхийлөгчийн суудлаа орхих ёстой хэмээн онцолсон байна. Асадын ярьж буй нь “улс орондоо улс төрийн өөрчлөлт хийх гэсэн Сирийн ард түмний зорилгыг биелүүлэхэд огтхон ч нэмэр болохгүй байгаа одоогийн эрх баригчдыг хэвээр байлгах гэсэн ээлжит оролдлогоос өөр юу ч биш” гэж Төрийн департментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. Энэ байгууллагаас гаргасан мэдэгдэлд Асадын төлөвлөгөөг “НҮБ, Арабын орнуудын лигийн тусгай төлөөлөгч Лахдар Брахимийн гаргаж буй хүчин чармайлтыг баллаж, Сирийн одоогийн дэглэм цаашид цус урсган ард түмнээ дарангуйлж байхыг үргэлжлүүлэхэд чиглэсэн алхам” гэж өгүүлжээ.
Дамаск хотын дуурийн театрт үг хэлэхдээ Башар Асад өөрийн төлөвлөгөөг танилцуулсан байна. Бараг хагас жилийн хугацаанд тэрбээр анх удаа олон түмэндээ ийн ханджээ. Тэрбээр 55 минут орчим ярьсан аж. Улс орондоо бий болсон түвэгтэй байдлыг Асад үгийнхээ эхэнд дурдаад, болж өнгөрсөн үйл явдлын хариуцлагыг хилийн чанадаас ирсэн алан хядагчид болон тэдэнд тусалж байгаа өөрийн орны зарим иргэнд тохжээ. Яриа хэлэлцээг тушаал биелүүлэгч “барлагуудтай” биш, гадаадын алан хядагчдын “эзэдтэй” хийхэд бэлэн гэж Сирийн Ерөнхийлөгч мэдэгдэв. “Эзэд” гэж Өрнөдийн орнууд хийгээд Персийн булангийн хаант засаглалтай улсуудыг хэлж буй юм байна. Сирийн сөрөг хүчнийг эдгээр улсууд дэмжихээ болих нь тус улсын байдлыг эв зүйгээр зохицуулах үндсэн нөхцөлийн нэг гэж Асад үзэж байгаа аж. Улс орондоо улс төрийн өөрчлөлт хийж, өршөөл үзүүлж, Үндсэн хуулийн шинэ төслийн талаар олон нийтийн санал асуулга явуулж, чөлөөт сонгууль хийнэ гэж Сирийн Ерөнхийлөгч үгийнхээ төгсгөлд дахин амлажээ. Энэ амлалтыг Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид эрс шүүмжлэв.
Сирийн үндэсний зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жорж Сабра “Ройтер” агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа Асадын мэдэгдлийг “энх тайванч санаачилга” гэж ч үзэж болохгүй гэсэн байна. “Энэ бол Сирийн ард түмний эсрэг дайнаа Асад үргэлжлүүлнэ гэсэн үг гэж үзэж байна” гэж тэр хэлсэн байна. Иргэний дайн болтол өргөжөөд байгаа Сири дэх эсэргүүцэл, тэмцэл 2011 оны гуравдугаар сараас эхэлсэн юм. 2013 оны эхний байдлаар өнгөрсөн хугацаанд энд 60 мянгаас доошгүй хүний амь үрэгдэж, олон арван мянган сири хүн дүрвэн алга болжээ.
Р.ЖАРГАЛАНТ