Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Мурси Засгийн газрынхаа 11 сайдыг огцруулахаар зэхэж байна. Тэдний дотор Санхүү, Дотоод явдлын сайд нар нэгэнт суудлаа орхиод буй. ОУВС-гийн төлөөлөгчид Египетэд айлчлахын өмнөхөн Мурси тэднийг огцруулсан юм. ДЯЯ-ыг генерал Мохаммед Ибрагим толгойлох аж. Сангийн сайдын суудалд Аль Мурси Аль-сайд Хегази суух гэнэ. Засгийн газрын эх сурвалжийн үзэж буйгаар бол эдийн засгийн хямралаас үүдэлтэй олон нийтийн сэтгэл дундуур байдлыг намжаахын тулд Ерөнхийлөгч Засгийн газартаа ийм өөрчлөлт хийж буй бололтой.
Эрчим хүчний хангамж, хүрээлэн буй орчныг хамгаалах, холбоо, тээврийн асуудал эрхлэх шинэ сайд нар өчигдөр тангаргаа өргөжээ. Эдний гурав нь л лав "Лалын ахан дүүс" хөдөлгөөний төлөөний хүмүүс юм байна. Тэгтэл Сангийн шинэ сайдыг улс төрийн холбоотноо хэмээн лалын энэ хөдөлгөөний эх сурвалж мэдэгджээ. ОУВС-гийн Ойрхи Дорнод, Төв Азийн газрын захирал Масуд Ахмед Египетэд өчигдөр ирэв. Тэрбээр эндхийн эрх баригчидтай уулзаж, эдийн засагт сүүлийн үед гарч буй өөрчлөлт, зээл тусламж үзүүлэх боломжийн тухай ярилцах зорилготой аж.
4.8 тэрбум долларын зээл олгох хэлэлцээр байгуулах талаар өнгөрсөн сард ярилцахаар тохироод байсан ч тус орон дахь улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалж хойшлуулжээ. Төсвийн ихээхэн хомсдолтой байгаа Египетийн Засгийн газар олон улсын байгууллагаас нэмэлт санхүүжилт авна гэж найдаж буй юм. Гэхдээ ОУВС төсвийн зардлаа хорогдуулахыг шаардаж буй болохоор Европын зарим орон шиг бэрхшээл тулгарвал тэмцэл хөдөлгөөн, эмх замбараагүй байдал дахин өрнөнө хэмээн болгоомжилж байна.
Р.ЖАРГАЛАНТ