Швейцарийн хувийн банкууд дотроо ууган нь болох Wegelin&Co үйл ажиллагаагаа зогсоож буйгаа зарласан тухай “Ройтерс” мэдээлэв. АНУ-ын иргэдэд татвараас зайлсхийхэд нь тус банк туслалцаа үзүүлж байснаа хүлээсний дараа дээрх мэдэгдлийг хийжээ. 250 гаруй жилийн тэртээгээс ажиллаж эхэлсэн Wegelin&Co 10 шахам жил дээрх маягаар хууль зөрчсөн үйлдэл хийхдээ нийт 1.2 тэрбум ам.долларын татвараас зайлсхийх сиймхий гаргаж өгчээ. Энэ үйлдлийнхээ төлөө нөхөн төлбөр, торгуулийн хувиар 57,8 сая долларыг АНУ-ын засаг захиргаанд төлөхөөр зөвшөөрчээ. Харин Вашингтоны шаардсанчлан үйлчлүүлэгч Америкийн иргэдийн нэрийг банк гаргаж өгсөн эсэх нь тодорхойгүй. Эл хэрэгт холбогдон шалгагдаж эхэлснийхээ дараахан Wegelin&Co бизнесийнхээ мэдэгдэхүйц хувийг Швейцарийн “Raiffesen Gruppe” компанид зарахад хүрчээ. Уг наймааны ханшийг нууцалсан ч худалдан авагчдаа чамгүй хөнгөлөлт үзүүлсэн хэмээн шинжээчид таамагласан байна. Татвараас зайлсхийхэд нь америкчуудыг дэмжсэн хэрэгт АНУ Швейцарийн 10 гаруй банкийг сэжиглэж буй. Буруугаа хүлээж, үүдээ бүрмөсөн хаахаар шийдвэрлэсэн Wegelin&Co-гийн алхам дээрх асуудлаарх хоёр улсын хоорондын маргаанд эргэлт гаргаж мэднэ хэмээн ажиглагчид дүгнэв.