“Батасуна” гэж нэрлэдэг Баскийн үндэсний намын Франц дахь салбарыг тараасныг зарлав. Хөрш Испанид энэ намыг бүр 2003 онд хаасан юм. Харин Францад олон нийтийн байгууллагын хэлбэрээр оршин тогтнож байсан аж. Тус намын төлөөлөгч Мэйте Гойнечегийн хэлснээс үзвэл, “Батасуна” намын гишүүн байсан хүмүүс Баскийн тусгаар улс байгуулахын төлөө тэмцэж, Испани, Францын “дарлагчдыг” сөрөн зогсох гэнэ. “Батасуна” гэдэг нь “Эв нэгдэл” гэсэн үг аж. Энэ нам 1978 онд байгуулагджээ. Нэрээ хэд хэдэн удаа сольсон тус нам Испанийн баскийн бүс нутгуудад үйл ажиллагаа явуулж байв. “Батасуна” нам болон алан хядах ажиллагаа үйлддэг ETAгийн хооронд хэлхээ холбоо байсныг Испанийн шүүх 2003 онд тогтоогоод, намын үйл ажиллагааг түр зогсоожээ. “Батасуна” нам ETA-гийн салаа мөчир мөний хувьд Европын холбооноос гаргасан алан хядагч байгууллагын жагсаалтад хожим нь орсон юм. “Батасуна”-гийн тэргүүн Арнальдо Отегийг “алан хядах ажиллагааг алдаршуулсны” учир нэг бус удаа баривчилж байв. Тэгээд намаа сэргээх гэсний учир 2011 онд түүнд 10 жилийн хорих ял оноожээ.