Умард Солонгосын залуу удирдагч Ким Жөн Ун шинэ оны босгон дээр ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн. Хамгийн сүүлд 1994 оны шинэ жилээр их удирдагч Ким Ир Сен нь мэндчилгээ дэвшүүлж байснаас хойш 19 жил өнгөрсөн байна. Ким Жөн Уны мэндчилгээнд анхаарал татам зүйл байгаа нь хоёр Солонгосыг нэгтгэх асуудлыг хөндсөн явдал юм.
Уг мэндчилгээнд “Эх орноо нэгтгэхэд нөлөөлөх чухал асуудал нь Умард, Өмнөдийн сөргөлдөөнт байдлыг намжаах юм. Эх орноо нэгтгэх асуудлыг манай үндэстэн хүчээ нэгтгэн, бие дааж шийдвэрлэх хэрэгтэй. Нийт Солонгос үндэстэн гаднын ноёрхол, оролцоо мөн түрэмгийлэл, дайны оролдлогыг эрс шийдвэртэй няцаах хэрэгтэй, эх орноо нэгтгэхэд саад болох ямарваа үйлдлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Эх орноо нэгтгэх замд ямарваа саад бэрхшээл тулгарлаа ч бид нийт үндэстний нэгдэн нягтарсан хүчээр нутаг дэвсгэр дээрээ нэгдсэн, цэцэглэн хөгжиж буй хүчирхэг улсыг заавал байгуулах болно. Бид цаашид ч энх тайван, найрамдлын уриан дор манай орны бие даасан эрхийг хүндэтгэж, манай оронд найрсгаар ханддаг дэлхийн олон оронтой найрамдал, хамтын ажиллагааны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх бөгөөд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангаж, дэлхийн бие даасан байдлын төлөө идэвхтэй хүчин чармайх болно” гэсэн байна.