Оросын Ерөнхийлөгч В.Путин Францын жүжигчин Жерар Депардьед Оросын иргэншил олгох тухай зарлигт гарын үсэг зурав. Энэ тухай Кремлийн сайтад “ОХУ-ын Үндсэн хуулийн 89 дүгээр зүйлд заасны дагуу жүжигчинд харьяатын эрх олгосон” хэмээн мэдээлжээ.
Уг зүйлийн дагуу Ерөнхийлөгч Холбоот Оросын иргэний харьяатын болон улс төрийн орогнолын эрх олгох бүх асуудлыг шийддэг юм байна. Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Францын нэрт жүжигчинд харьяатын эрх олгосон асуудлыг ОХУ-ын кино урлагийн хөгжилд түүний оруулсан хувь нэмэртэй холбон тайлбарлажээ.
“Депардье маш томоохон хэд хэдэн киноны төсөлд тоглосон, Распутиний зэрэг бүтээсэн дүрүүдээрээ алдартай” хэмээн Оросын Төрийн тэргүүний төлөөлөгч тэмдэглэжээ. Депардье 2012 оны арванхоёрдугаар сарын эхээр Францаас Бельгид шилжин очиж суурьшсан. Энэ нь Ерөнхийлөгч Франсуа Олландын санаачилсан тансаг хэрэглээнд 75 хувийн татвар тогтоох тухай төлөвлөгөөтэй холбоотой байв. Францын Ерөнхий сайд жүжигчний дээрх алхмыг “харамсалтай” хэмээн тодорхойлж, Депардье ч өөрийгөө доромжлуулсанд тооцон, иргэншлээсээ татгалзана хэмээн гоморхсон юм.
Харин өнгөрөгч сарын 18-нд “Le Monde” сонинд Депардье Оросоос харьяатын эрх олж авч болзошгүй талаар мэдээлэн, жүжигчний хэлсэн “Путин надад паспорт ирүүлсэн байгаа” гэх үгийг иш татсан билээ. Гэсэн ч Оросын Ерөнхийлөгчийн засаг захиргаа тухайн үед үүнийг “наргиан” хэмээн мэдэгдэж, мөр хавчин гайхширсан. Маргааш нь Чеченийн Ерөнхийлөгч Р.Кадыров франц эрийг эх орондоо хүлээн авахад бэлэн хэмээн найр тавьсан юм.
Х.ЭНХ