Гүржийн Ерөнхий сайд Бидзина Иванишвили тус улсын Ерөнхийлөгч М.Саакашвилийн талын хүмүүсийг мөрдөн шалгахаа зогсоож буйгаа шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ зарлав. Нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө Гүржийн телесувгуудын дамжуулсан мэндчилгээнд Б.Иванишвили “Үйл ажиллагаа өндөрлөлөө. Хүчирхийлэл, худал хуурмаг явдлын тогтолцоо нуран унасан. Тиймээс уг тогтолцоонд хүсэлтээрээ буюу албадан оролцож явсан бүх хүнийг бид одоо уучлах ёстой. Тэднийг уучилж, өршөөл маягийн ямар нэг зүйлийн талаар бодох хэрэгтэй” гэж тэмдэглэжээ.
Өнгөрсөн онд болсон Парламентын сонгуульд сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” эвслийг толгойлон оролцож ялаад, Засгийн тэргүүн болсон Иванишвили Ерөнхийл өгч Саакашвилийн хүрээллийн түшмэдийг баривчлах ажлыг дэмжиж эхлүүлснээ оны өмнөхөн “Имеди” телекомпанид өгсөн ярилцлагадаа хүлээн зөвшөөрсөн юм. Ерөнхийлөгч ч ард иргэддээ хандаж дэвшүүлсэн шинэ оны мэндчилгээндээ дээрх үйлдлийг нь буруушаан, хүн амын амьжиргааг сайжруулах амлалтаа биелүүлэхийн оронд улс төрийн байр сууриа бэхжүүлэхийн тулд өрсөлдөгчд өө шахан зайлуулах оролдлого хийж байна” гэж шүүмжилсэн аж.
Ерөнхийлөгчийн улс төрийн хүрээн дэх нөлөөлөл улам бүр хумигдаж буй эл өдрүүдэд М.Саакашвилийн Парламентыг татан буулгаж, шинээр сонгууль зарлах боломжийн талаар ярих болжээ. Одоогийн Үндсэн хуулиар, Парламент ажилдаа орсноос хойш зургаан сарын дараа дээрх эрхийг эдлэх боломж Төрийн тэргүүнд олдох аж. Энэ нь 2013 оны дөрөвдүгээр сар юм байна. Гэтэл уг хугацааг гурван сараар нааш нь татахаар гарын үсэг цуглуулах кампани Парламентад эхэлчихсэн гэнэ. Ноён Саакашвили Парламентыг хугацаанаас нь өмнө буулгах асуудлаар одоогоор байр сууриа илэрхийлээгүй байна.
Харин Ерөнхий сайд Парламентын шинэ сонгуулийг эсэргүүцэхгүй гэдгээ мэдэгдэж амжжээ. “Гүржийн мөрөөдөл”-ийн рейтинг Ерөнхийлөгчийн тэргүүлдэг “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн”-ийхөөс хол давна гэж Иванишвили үзэж байгаа юм байна.