Венесуэлийн Ерөнхийлөгч У.Чавес ухаан алдан, хиймэл амьсгалын төхөөрөмж залгуулсан гэх яриа хэвлэлд гарсныг тус улсын Дэд Ерөнхийлөгч Н.Мадуро няцаалаа. Николас Мадуро “Ерөнхийлөгч Чавес ухаан саруул төдийгүй биеийнх нь байдал хүнд буйг ойлгож байгаа. Сүүлийн гурав хоногт миний бие Ерөнхийлөгчтэй хоёр удаа уулзаж, ярилцсан” гэж мэдэгджээ.
“Сүүлийн хэдэн өдөр У.Чавес ухаангүй болж, хиймлээр амьсгалуулж байна” хэмээсэн мэдээлэл шинэ оны эхний өдөр хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгсэл дамжуулжээ. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 11-нд Кубийн Гавана хотын эмнэлэгт өмөн үүгийн хагалгаанд орсон бөгөөд энэ нь 2011 оны зургадугаар сард уг өвчин оношлогдсоноос хойших дөрөв дэх мэс засал байв. Хэдийгээр хагалгаа амжилттай болсон талаар тухайн үед эмч нар мэдээлсэн ч мэс заслын дараа хүндрэл үүссэн нь хоёр оны зааг дээр тодорхой болсон.
Венесуэлийн эрх баригчид Ерөнхийлөгчид нь чухам ямар хүндрэл тохиолдсоныг тодорхой өгүүлээгүй. Зарим эх сурвалж үүнийг У.Чавест өмнө илэрсэн амьсгалын замын халдвартай холбоотой гэж тайлбарласан байна.
Х.ЭНХ