Америкийн Калифорни муж улсын Сакраменто хотод шинэ жилийн ёслолын буудлага үзэхээр цугласан олон арван мянган хүн рүү зэвсэглэсэн этгээд гал нээжээ. Нэгэн цагдаа түүнийг барьж авсан байна. Энэ үед хоёр хүн нэгэнт үхлийн шарх авсан байсан бөгөөд суманд өртсөн гурван ч хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.
Галын наадам хийсэн тэр газар 40 орчим мянган хүн цуглаад байсан аж. Гадаах цэнгүүн ид байхад ойролцоох уушийн газраас гэмт этгээд гарч иржээ. Зоогийн газарт тэрбээр хэн нэгэнтэй тар турхийсэн байна. Нүдээр үзсэн хүмүүсийн ярьснаар бол гэмт хэрэгтэн уушийн газраас гарч ирэхдээ л буу барьсан байжээ. Тэгээд “хашгираад, буудаад байсан” гэнэ.
Нэгэн эмэгтэйн гэрчилснээс үзвэл, тэр хүн буудуулаад газар ойччихсон нэг хүнийг арваад удаа буудсан байна. Цагдаагийн ажилтны гэрчилснээр, буун дуу өнгөрсөн оны сүүлчийн өдрийн шөнө 21.38 цагт гарсан аж. Гэмт хэрэгтнийг баривчилсан ч цэнгүүнийг зогсоох шийдвэрийг хотын эрх баригчид гаргажээ. Түүгээр зогсохгүй Сакраменто хотын хэмжээнд аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авсан байна. Хотын захиргааныхны бодлоор бол уг шоу Сакраментогийн оршин суугчдыг баясгаад зогсохгүй хотын нэр төрийг өргөж, эдийн засгийн өсөлтөд нь нэмэр болох байсан гэнэ. Зэвсэг худалдах тухай хуулийг чангаруулах талаар сүүлийн үед АНУ-д яриа хөөрөө хүчтэй болжээ. Коннектикут муж улсад 20 настай Адам Лэнза гэгч залуу буугаар 23 хүний (ихэнх нь 6-7 насны хүүхдүүд) амь хохироосон хэрэг хуучин он халагдахын өмнөхөн болсон билээ.
АН-ынхан автомат буу, том калибрын галт зэвсэг зарахыг хориглох нь зүйтэй гэж буй. Ерөнхийлөгч Барак Обама уг саналыг дэмжсэн төдийгүй энэ талаар тодорхой санал боловсруулахыг хууль тогтоогчдод зөвлөсөн. Анголын нийслэл Луанда хотын төв цэнгэлдэх хүрээлэнд нэгдүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө олон хүн хамарсан мөргөл болох үеэр хүмүүс чихэлдсэнээс 10 хүн амиа алдаж,120 хүн ямар нэг хэмжээгээр хохирол амсжээ. Амь хохирогсдын дөрөв нь хүүхэд байв. Мөргөлд 70 орчим мянган хүн ирэх ёстой атал түүнээс хавьгүй хүн олон оролцсон аж. Баруун Африкийн Кот'д Ивуар улсад шинэ жилд зориулсан баярын арга хэмжээний үеэр бас үүн лүгээ явдал тохиолдсон байна.
Хохирол нь дээрхээс илүү бололтой. 60 орчим хүн амиа алдав хэмээн мэдээллээ. Шархдагсдын тоо 250 хүрчээ. Энэ эмгэнэлт явдал тус улсын томоохон хот Абижанд шинэ жилийн шөнө мөн л шоуны үеэр тохиолдсон гэнэ. Цэнгүүнийг үзэхээр ирсэн хүмүүсийн дотор хүүхэд олон байв. Цэвэрлэгч ажилтай нэгэн эмэгтэй “Миний хоёр хүүхэд тийшээ очсон. Би хориглоод дийлээгүй. Одоо би яахаа мэдэхгүй байна” гэж ярьсан байна. Хоёр хүүхдээ амьд эсэхийг энэ эмэгтэй мэдэхгүй байгаа аж. Бас нэг эмэгтэйн есөн настай хүү нь амь үрэгдэгсдийн дотор байхгүй хэрнээ гэртээ ирээгүй байна. Кот'д Ивуар улсад болсон энэ харамсалтай явдлын шалтгааныг яг таг тогтоож чадаагүй байгаа аж. Цэнгэлдэх хүрээлэнд орох, гарах гэсэн хүмүүс хоёр талаасаа “мөргөлдсөн” юм байна.
Түүнчлэн хутга барьсан баахан хүн хүмүүсийн гар утсыг булаах гэж оролджээ. Кот'д Ивуарын Засгийн газар гурван өдрийн гашуудал зарлав. Ерөнхийлөгч Алассан Уаттар нь шархадсан хүмүүсийг эргэж эмнэлэгт очоод, эмчилгээний нь зардлыг Төр хариуцна хэмээн амласан байна. Энэ улс 22 сая орчим хүн амтай юм.
Р.ЖАРГАЛАНТ