Иргэдийн гэртээ хадгалж буй галт зэвсгийг унадаг дугуйгаар солих кампанит ажил Мексикт эхэллээ. Зөвхөн унадаг дугуй ч биш, бэлэн мөнгө, компьютерийн техник бас олгох гэнэ. Харин тоглоомон буугаа өөр тоглоомоор солихыг хүүхдүүдэд санал болгож байна. Чухамдаа хүүхэд, өсвөр үеийнхний гарт галт зэвсэг очихоос урьдчилан сэргийлэх зорилготой энэ хөтөлбөрийн нэр “Таны гэр бүлийн төлөө: Зэвсгээ сайн дураар хураалгая” аж.
2006 оноос хойш зэвсэгт мөргөлдөөнд 60.000 орчим иргэн нь амь үрэгдээд байгаа Мексикийн эрх баригчид дээрх арга хэмжээний дүнд гэмт хэргийн тоог бууруулах зорилго тавьжээ. Иргэдийн дунд ч олон хүн боломжийг ашиглаж байгаа бөгөөд Зул сарын баярын бэлэг худалдан авах мөнгөө нэг хэсэг нь олсон гэнэ. Байлдааны зэвсэг хэрэгслийг тушаахдаа нэрээ нууцлахын зэрэгцээ тэдгээрийг хууль бусаар олж авч эзэмшсэнийх нь төлөө мөрдөн шалгахгүй аж.
Х.ЭНХ