Оросын Хар тэнгисийн флотын “Азов”, “Николай Фильченков” гэдэг десантын том хөлөг онгоцууд Новороссийскоос Газрын дундад тэнгис рүү хөдөлж, Сирийн Тартус боомтод байдаг ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын материалтехникийн хангамжийн байрыг зорьжээ хэмээн Зэвсэгт хүчний Жанжин штабын эх сурвалжид түшиглэн ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ.
Хөлөг онгоцуудыг тэнгисийн хоолой руу орох болон гадаадын зогсоолд байх үед аюулгүй байдлыг нь хангах үүргийг тэнгисийн явган цэрэгт өгчээ. Хөлөг онгоцууд Эгийн тэнгист байгаа гвардийн пуужингийн “Москва” болон хилийн харуулын “Сметливый” хөлөг онгоцуудын хамт Хар тэнгисийн флотын бүлэгт энэ сарын 28-нд орсон байхын тулд 26, 27-нд Босфор, Дарданеллийн хоолойг туулсан байхаар төлөвлөжээ. Эдгээр хөлөг онгоц Грекийн Пирей боомтоос ус, хүнсний нөөцөө сэлбэж аваад Эгийн тэнгисийн усанд гүйцэтгэх ажилдаа орсон байна. Байлдааны энэ хоёр хөлөг онгоцоор хамгаалуулан “Азов”, “Николай Фильченков” онгоц “Тартус” боомтод очих юм байна.
Сирид Оросын цэргийн зөвлөхүүд ирсэн, “газар-агаар” ангиллын пуужингийн системийг тэд авчирлаа гэж Өрнөдийн хэвлэлд бичиж байна. 2007 онд Израилийн зүгээс өгс өн агаарын цохилтод өртөж ихэд сүйрсэн Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалах системийн сульдааг Москва нөхөж байна. Ийм байдлаар Москва нэг талаар Өрнөдийн эсрэг алхам хийж, нөгөө талаар Сири дэх өөрийн байдлыг бэхжүүлж байна гэж “The Guardian” сонинд бичив. Гэвч Дамаскад ямар нэг тусламж үзүүлж буйгаа Оросын эрх баригчид үгүйсгэсээр байгаа юм. “Новочеркасск”, “Саратов” гэх Хар тэнгисийн флотын десантын том хөлгүүд Газрын дундад тэнгисээс байнгын зогсоол руугаа буцаж ирж байна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ сарын эхээр мэдээлж байсан билээ. Сирийн асуудлын тухайд өөрийн иргэдийг халуун цэгээс холдуулахаар ОХУ төлөвлөж буй бөгөөд шаардлагатай цагт тэдэндээ тусална гэсэн тайлбар хийж байв. Энэ ажилд тусгай зориулалтын хүчний байгууллагынхныг ч ашиглахыг үгүйсгээгүй. Дээр өгүүлсэн “Новочеркасск”, “Саратов” хөлгүүд энэ сарын 10-нд эргэж ирсэн байх, бусад нь шийдвэр хүлээн Газрын дундад тэнгисийн зүүн хойд хэсэгт байж байх ёстой байлаа.
Хар тэнгисийн флотын байлдааны хөлөг онгоцууд эхлээд Сомалийн эргийг зүглэж, тэнд Номхон далайн флотын хөлгүүдтэй зам нийлэх байв. Тэгээд далайн дээрэмчдийн эсрэг тэмцэлд оролцох байжээ. Гэвч Палестин, Израилийн байдал хурцадсанаас Хар тэнгисийн флотын хөлгүүд Гаазын зурвасын орчимд байж Палестиний нутгаас орос хүмүүсийг зөөхөд бэлэн байх шаардлагатай болсон байна. Сирийн Засгийн газрын арми анх удаа химийн зэвсэг хэрэглэлээ хэмээн Арабын олон нийтийн мэдээллийн зарим хэрэгсэл болон Сирийн сөрөг хүчин уржигдар зарлав. Хомсын хаяа хот Аль-Байдад агаараас хорт бодистой хоёр чингэлэг хаясан гэж наад зах нь хоёр эх сурвалж мэдээллээ. Амьсгаа нь боогдсоноос зургаан (зарим мэдээгээр долоо) хүн нас баржээ. Дотор нь муухайрч, ухаан нь балартаж, амьсгал нь давхацсан гэх эндхийн олон хүн эмнэлэгт хандсан аж. Сөрөг хүчнийхний мэдээлж буйгаар дөрвөн хүн хараагүй болж, бас дөрвөн хүний бие мэдээгүй болсон байна. Ямар хорт хий ашигласан тухайд эмч нар “зарин” гэж үзэж буй гэнэ. Сирийн арми хорт бодисыг байлдаанд ашиглахаар бэлтгэж буйг Өрнөдийн тусгай албад анхааруулж байсан юм. Гэтэл өөрийн хүн амын эсрэг ийм зэвсэг хэзээ ч ашиглахгүй гэж Дамаск мэдэгдсэн. Мөн босогчдын эсрэг танк, их буу, нисэх хүчин, баллистик пуужин хэрэглэхгүй гэж Сирийн Засгийн газар мэдэгдэж байв.
Р.ЖАРГАЛАНТ