Хятадын Коммунист намын Төв хорооны Цэргийн зөвлөл өндөр албаны офицерууддаа тансаглал, үрэлгэн хүлээн авалт, олон үгтэй илтгэлээс татгалзахыг үүрэг болголоо. Хятадын Засгийн газраас энэ сарын эхээр гаргасан тогтоолоор үрэлгэн байдал, авлигатай тэмцэх зорилгоор Төрийн алба хаагчдад дээрхтэй ижил хязгаарлалт тавьсан юм. ХКН-ын шинэ томилогдсон лидер, Цэргийн зөвлөлийн дарга Си Жиньпиний эхлүүлсэн энэхүү кампани одооноос цэргийнхний арга хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэх, элбэг дэлбэг дайллага зохиох, мэндчилгээний самбар хадах, улаан хивс дэвсэх, жүжигчдийг урьж тоглуулахыг хориглох юм байна.
Мөн цэргийнхэн ажлын томилолтоор явахдаа үнэтэй зочид буудалд буудаллах боломжгүй болжээ. Тухайн томилолтын болон уулзалтын үргэлжлэх хугацааг богиносгон, тусгай дуут дохио бүхий автомашины хэрэглээнд ч хатуу хязгаарлалт тогтоохоор заажээ. Сүүлийн заалт нь иргэдийн амгалан байдлыг алдагдуулахгүй байх зорилготой холбогдож байгаа аж. Үүний зэрэгцээ өөрийн гэр бүлийнхэн, доод тушаалын алба хаагчдаа хээл хахуулийн хэрэгт оролцохоос урьдчилан сэргийлэх үүднээс хараа хяналт тавихыг ахлах офицеруудад даалгажээ. "Синьхуа" мэдээлснээр, Бээжин хотын захиргаа орон нутгийнхнаас дээрх журмыг ажилтнуудынхаа дунд нэвтрүүлсэн хамгийн анхны газар болсон байна. Ирэх оны гуравдугаар сард Хятадын Төрийн тэргүүний албыг Ху Жинтаогоос шилжүүлэн авах Си Жиньпин нийгэмд сэтгэл дундуур байдал төрүүлж буй авлигын эсрэг хийх тэмцэлд онцгой анхаарал хандуулж буй.
ХКН-ын доторх авлига, хэт их эрх ямбыг цэгцлэхгүй аваас нийгэмд амар амгалан тогтохгүй гэж тэрбээр удаа дараа сануулж ирсэн. Өмнөд хөршийн удирдлагын нэгэн үеийг нөгөөгөөр халах төлөвлөгөөт өөрчлөлтийн хүрээнд өнгөрсөн арваннэгдүгээр сард ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын алба Ху Жинтаогоос Си Жиньпинд шилжсэн билээ. Тус улсын Чуньцин хотын намын хорооны дарга асан Бо Силайн холбогдсон авлигын хэрэг улс төрийн хүрээнд ихээхэн дуулиан тарьж, цочоо өгсөн. ХКН-ын Төв хорооны удирдлагад өрсөлдөхуйц хүчтэй нэр дэвшигчид тооцогдож байсан Бо Силайг авлига, албаны эрх мэдлээ урвуулсэн хэргээр шүүхээр зэхэж байгаа.
Харин түүний эхнэр Гу Кайлай Их Британийн бизнесмений аминд хүрсэн хэргээр цаазын ял сонссон юм. Үүний өмнө Хятадын Ардын чөлөөлөх армид авлигатай тэмцэх кампани 1990-ээд оны сүүлчээр өрнөн, цэргийнхнийг бизнес эрхлэхийг хориглож байв. Гэвч армийн өндөр албан тушаалтнуудыг эрх мэдлээ хортойгоор ашиглах явдлаас хөндийрүүлж чадаагүй аж.