Аргентинд хоёр өдөр үргэлжилсэн Засгийн газрын эсрэг ажиллагаа өргөн олныг хамарсан эмх замбараагүй байдал болон хувирч, дэлгүүрүүдийг тонож дээрэмдсэн хэрэг олон гарчээ. Энэ үеэр хоёр хүн амь үрэгдэн, олон арван хүн шархдаж, 500 орчим иргэн саатуулагдсан тухай ВВС мэдээллээ. Тус улсын баруун өмнөд хэсгийн РиоНегро мужийн амралт сувиллын Барилоч хотод пүрэв гаригт эхэлсэн үймээн маргаашнаас нь Росарио зэрэг хэд хэдэн хотод дамжин үргэлжилжээ. Амиа алдсан хоёр хүн Аргентиний гурав дахь том хот Росариод үрэгджээ. Нийслэл Буэнос-Айресын ойролцоох хотуудын дэлгүүр, супермаркет руу уулгалан дайрсан олон зуун хүнийг зогсоохын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, резин сум хэрэглэснээр сая номхруулсан байна. Харин хоёр хүн нас барсанд цагдаагийнхан холбогдолгүй гэж эрх баригчид мэдээлжээ.
Барилочид хэв журам сахиулах үеэр цагдаагийн дор хаяж 18 ажилтан шархадсан байна. Аргентиний телевиз дээрэм хийж буй тонуулчид дэлгүүрийн хаалга үүдийг эвдэн, дотогш орохын тулд цагдаа нар руу хэрхэн чулуу нүүлгэж буйг харуулсан агаад хэрэгтнүүд нүдний шил зүүж, нүүрээ далдалсан байжээ. “Дэлгүүрүүдээс шингэн кристал дэлгэцтэй зурагт авч одсоныг нь харвал өлсөж буй хүмүүс лав биш” хэмээн Буэнос-Айрес мужийн амбан захирагч Даниэль Сциоли мэдэгдсэн. Тиймээс ч 2001 оны эдийн засгийн хямралын үеэр ажилгүйчүүд супермакет руу хоморголон дайрсан хэрэг явдалтай дээрхийг адилтгаж болохгүй нь. Сөрөг хүчинтэй холбоотой үйлдвэрчний эвлэлүүд эмх замбараагүй байдалд буруутай гэж Засгийн газар үзэж байна.
Энэ бүхэн Ерөнхийлөгч Фернандо де ла Руаг огцруулахад хүргэсэн 2001 оны арванхоёрдугаар сарын 20-ны эсэргүүцлийн ажиллагааны 11 жилийн ойтой тохиолдлоор давхцаагүй төдийгүй улс төрийн зорилготой үйлдэл болсон гэж Аргентиний эрх баригчид дүгнэлээ. Харин Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны удирдлага үүнийг няцаагаад, “Аргентиний ард түмний нүүр тулаад буй хүнд байдал л ийм үйлдэлд түлхсэн буй за” хэмээн тэмдэглэв. Аргентиний хувийн банкууд инфляц жолоогоо алдлаа гэж мэдэгдэж байгаа ч Засгийн газрын статистикт есөн хувьтай гэж мэдээлжээ. ОУВС тус улсад "улаан карт" өгөхөөр анхааруулсан. Инфляц, ДНБ-ийхээ талаар бодитой статистик гаргахгүй бол тус сан болон "Их 20"-ийн бүлгээс хасна гэсэн юм. Эдийн засагчид өсөлтийг бууруулж буй гол хүчин зүйл төв Засгийн газрын бодлоготой холбоотой гэж байна.
Х.ЭНХ