Өмнөд Солонгосын Ерөнхийл өгчөөр сонгогдсон Пак Гын Хе түүний ялалт улс орных нь эдийн засгийг сэргээхэд тус дөхөм үзүүлнэ гэж мэдэгдэв. 1961-1979 онд засгийн эрх барьж асан Пак Чон Хегийн охин, 60 настай тэрбээр эрх баригч “Сэнури” намаас нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд Өмнөд Солонгосын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байна. Саналын хуудасны 80 гаруй хувийг тоолсон дүнгээр, хатагтай Пак Гын Хе 51.6, түүний өрсөлдөгч Мүн Жэ Ин 48 хувийн санал авчээ. Тооллого хараахан дуусаагүй байсан хэдий ч либерал нэр дэвшигч Мүн Жэ Ин ялагдлаа хүлээн зөвшөөрсөн аж.
Эдийн засаг, нийгмийн халамжийн асуудал давамгайлсан энэ удаагийн сонгуулийн идэвх өндөр гарчээ. Мүн Жэ Ин бол Хойд Солонгосоос Өмнөдөд дүрвэж ирсэн дүрвэгчийн хүү аж. Ардчилсан нэгдлийн намаас нэр дэвшсэн Мүн Жэ Ин Ерөнхийлөгч асан Но Мү Хёны үед хүний эрхийн хуульчаар ажиллаж байсан. 1970- аад оны үед Пак Гын Хегийн эцэг нь Мүн Жэ Инийг богино хугацаагаар шоронд хорьж байсан аж. Одоогийн Ерөнхийлөгч И Мен Бакийн консерватив засаг захиргаа, Пхеньяны талаар аядуу бодлого баримталдгийг тууштай эсэргүүцдэг улстөрч юм байна. Дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэж буй энэ үед Өмнөд Солонгосыг “асралт эхийн” гараар удирдахаар амласан Пак Гын Хе сүүлийн 15 жил “Сэнури” намын гишүүн байсан.
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампаниа “Үндэсний аз жаргалын кампани”, улмаар “Ерөнхийл өгчид бүсгүй хүнийг” уриан дор өрнүүлэхдээ Их Британийн Ерөнхий сайд асан М.Тэтчер, Германы Канцлер А.Меркель нарын дэлхийн улс төрийн зүтгэлтэн эмэгтэйч үүдийг нэг бус удаа дурдаж байжээ. Хүүхэд болон нөхөргүй нь түүний өөрийнх нь хэлснээр “энэ биеэ ард түмнийхээ төлөө хүчин зүтгэхэд бүрэн зориулах” боломж өгөх нь. Пак Гын Хегийн түшиг тулгуур нь элитийн болон дундаас дээш түвшний чинээлэг давхаргынхан. Төрийн тэргүүний тангараг өргөсний дараа түүний өмнө шийдвэрлэхээр тавигдах гол асуудал бол хүн амыг өндөр цалинтай ажлаар хангах явдал аж.
Сүүлийн жилүүдэд тус улсад бараа бүтээгдэхүүний үнэ эрс өссөн хэр нь ажлын хөлс бахь байдгаараа буй. Пак Гын Хегийн эцэг, армийн нэртэй генерал Пак Чон Хег өмнөд солонгосчуудын нэг хэсэг аугаа шинэчлэгч, тус орны эдийн засгийн гайхамшгийн зохиогч, улс орноо ядуурлаас гаргасан удирдагч гэдэг бол, нөгөө хэсэг нь цуст дарангуйлагч, ардчиллыг булшлагч хэмээн цоллодог байна. Пак Гын Хе 1974 онд ээж нь Хойд Солонгосын зэвсэгт этгээдийн гарт алагдсаны дараа Өмнөд Солонгосын Тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж байжээ. Өмнөд Солонгост Ерөнхийлөгч таван жилээр, зөвхөн нэг удаа сонгогддог. Шинэ Ерөнхийлөгч 2013 оны хоёрдугаар сард бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.
Х.ЭНХ