Их Британийн кино найруулагч, продюссер Дэнни Бойл Вант улсын тайж цол хүртэхээс татгалзсан тухай “Hollywood Reporter” мэдээлэв. Энэ зун Лондонд болсон Олимпийн нээлтийн ёслолын ажиллагааг найруулан тавьсны учир ийм хүндэтгэл үзүүлэхээр Засгийн газрын тусгай комисс найруулагчийн нэрийг уг шагналд дэвшүүлжээ. Шагналд нэр дэвшигчдийн жагсаалтыг тус комисс жилд хоёр удаа зургаа, арванхоёрдугаар сард Хатан хаанд танилцуулдаг журамтай. Ийнхүү толилуулахын өмнө комисс Бойлтой холбогдон, зөвшөөрлийг нь авах гэтэл татгалзсан юм байна.
Харин энэ талаар найруулагч өөрөө болон Засгийн газрын комисс ч тайлбар хараахан хийгээгүй байна. Бойл саяхан BBC радиод ярилцлага өгөхдөө “жирийн иргэн” хэмээгддэгтээ бахархдаг гэж өгүүлж байжээ. Чухам жирийн хүмүүс, тэдгээрийн амьдрал л 2012 оны Олимпийн наадмын ёслолын гол сэдэв болсныг тэмдэглэсэн аж. XXX Олимпийн нээлтийн ёслолыг Их Британийн түүх, ард түмнийх нь нийгмийн амьдралын олон салаа мөчирт олсон ололт, түүний дотор дэлхийн соёлд оруулсан хувь нэмрээс сэдэвлэн зохиомжилсон. Энэ ажлынх нь төлөө Дэнни Бойлд үүний өмнө Британийн театрын нөлөө бүхий шагнал “London Evening Standard Awards” олгожээ.
Хэрэв дээрх мэдээлэл нотлогдвол Хатан хааны хишгийг хүлээн авахаас цааргалсан соёл, урлагийн нэртэй зүтгэлтнүүдийн эгнээ нэгээр нэмэгдэх нь. 2012 оны нэгдүгээр сард нийтэлсэн жагсаалтаас үзвэл, 1951-1999 онд 277 хүн Хатан хааны шагналаас татгалзсаны дотор зохиолч Роальд Даль, Ивлин Во, Клайв Стейплз Луис, найруулагч Альфред Хичкок нарын нэр байна. А.Хичкокийн хувьд тайж хэргэм хүлээн авахыг нас барахынхаа өмнө зөвшөөрсөн аж.
Х.ЭНХ