Ливийн Бенгази хотноо сууж асан Америкийн Элчин сайд гурван дипломат ажилтны хамт амиа алдсаны хариуцлагыг Төрийн департментад оногдуулж байна. 2012 оны есдүгээр сарын 11-нд Америкийн Консулын газар руу зэвсэгт этгээдүүд довтолсон байдлыг мөрдөн шалгах комисс ийм дүгнэлтэд хүрчээ. Төрийн Департментийн төв аппаратын ажил ар араасаа унаж, түүний салбаруудын хоорондын харилцан ажиллагаа нь зохих түвшинд байгаагүйгээс Бенгази дахь Консулын байгууллагын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээг аваагүй бөгөөд зэвсэгтэй хүмүүсийн довтолгоонд зохих эсэргүүцэл үзүүлж чадаагүй байна” гэж дээр өгүүлсэн комиссын илтгэлд бичжээ.
Америкийн гадаад бодлогыг хэрэгж үүлдэг байгууллагын ажилтнуудаас хэн нэг нь үүргээ муу биелүүлсэн гэх баримт уг комисс илрүүлээгүй бөгөөд хэн нэгд нь сахилгын хариуцлага ногдуулах шалтгаан олоогүй аж. Тиймээс Төрийн Департментийн төв аппаратын хангалтгүй ажиллагаанд зохих дүгнэлт хийх ёстой гэж Комисс үзсэн байна. Ливийн хууль сахиулах байгууллага болон консулын газрын аюулгүй байдлыг сахиулахаар гэрээний дагуу үүрэг хүлээсэн компанийн ажилтнууд ч илтгэл бэлтгэгчдээс тааруухан үнэлгээ авчээ. Илтгэлд дурдсанаар бол есдүгээр сарын 11-нд Бенгази дахь АНУ-ын Консулын газрын ойр эсэргүүцлийн ямар нэг тэмцэл, арга хэмжээ болоогүй байжээ. Тийм болохоор дипломат байгууллага руу довтолсон нь урдаас бэлтгэсэн үйл ажиллагаа байж таарах нь.
Дипломат төлөөлөгчийн газар руу довтолсны дараа НҮБ-д суугаа Америкийн байнгын төлөөлөгч Сюзанн Райс нарын эрх мэдэл бүхий хүмүүс уг явдлыг зөнч Мухаммадыг доромжилсон “Мусульманчууд буруугүй” киног эсэргүүцсэн жагсагчдын хийсэн үйлдэл гэж мэдэгдсэн удаатай. Консулын газрын дэргэд эсэргүүцлийн арга хэмжээ болоогүй нь хожим тодорхой болж, Райсын хийсэн мэдэгдлийн эргэн тойронд шуугиан дэгдсэнээс тэрбээр Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэрээ дэвшүүлэхээс татгалзахад хүрсэн юм. Бенгази дахь АНУ-ын Консулын газар руу хийсэн довтолгооны нөхцөл байдлыг АНУ-ын Конгрессийн дээд, доод танхимын гадаад бодлогын асуудал эрхэлсэн хороодын хамтарсан хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх юм.
Уг хуралдаанд Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон оролцох байсан ч биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж чадахаа байсан аж.
Р.ЖАРГАЛАНТ