Оросын Төрийн Думийн гишүүдийн орлогыг хянах талаар Депутатын статусын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яг энэ асуудлыг хариуцсан комиссын гишүүн Татьяна Москалькова (“Шударга Орос”), Борис Резник (“Нэгдмэл Орос”) нар төлөвлөж байгаа аж. Одоогийн байдлаар бол бизнес хийсэн, компанийн удирдлагад оролцсон, түүнчлэн гэмт хэрэг хийсэн нь нотлогдсон депутат л эрхийн мандатаа хураалгахаар байгаа юм. Тэгвэл эд хогшил болон гадаадын банкинд байгаа хөрөнгөө нуун дарагдуулсан, хөрөнгө, орлогын мэдүүлэгт дурдсанаас илүү өндөр өртөгтэй эд зүйлстэй болсон тохиолдолд мандатаа алдах аюул цаашдаа депутат хүнд тулгарах нь. Тэгэхдээ гадаадын банкинд хадгаламжтай байхыг төрийн алба хаагч, улстөрчдөд хориглох тухай хуулийг баталж, депутатын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө цуцлах тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа л мандатыг нь хүчингүй болгох шалтгааныг нэмэгдүүлэх бололтой.
Ерөнхийлөгч Владимир Путин ч Холбооны хуралд явуулсан илтгээлтдээ төрийн алба хаагчид болоод улстөрчдийн гадаадын банкин дахь хадгаламж, хувьцааны талаар өгүүлсэн байна. Орлогод хяналт тавих Төрийн Думийн комиссын ажлын үр дүнгээс шалтгаалж бүрэн эрхээ хасуулсан хамгийн олонд танил депутат бол “Шударга Орос” намыг Парламентад төлөөлж байсан Геннадий Гудков юм. Хууль бусаар үйлдвэрлэл эрхэлсний учир тэрбээр ийм шийтгэл хүлээсэн аж. Гудков “Известия” сонины сурвалжлагчтай ярилцахдаа депутатуудын орлогод хяналт тавих комиссын бүрэн эрхийг өргөжүүлэхээр төлөвлөж буйг “утга учиргүй санаачилга” гэж хэлжээ.
Хуульд оруулах гэж буй энэ өөрчлөлт нь сөрөг хүчний депутатуудын эсрэг “Нэгдмэл Орос” фракцын тэмцэх эрхийг л нэмэгдүүлж буй гэж тэр үзэж байв. “Шударга Орос”-ын Төрийн Дум дахь бас нэг төлөөлөгч Олег Михеев мөн удалгүй депутатын эрхээ хасуулах бололтой байгаа гэнэ. Түүнийг “Номос-банк”, “Промсвязьбанк” луйврын хэрэгт буруутгаад байгаа аж. Михеевийн депутатын халдашгүй байдлыг хүчингүй болгох хүсэлтийг Мөрдөн шалгах комисс хэдийнэ бэлтгэчихээд байгааг хэвлэлд мэдээлсэн бөгөөд түүнийг энэ сард багтаан спикер Сергей Нарышкиний нэр дээр илгээх юм байна. Михеев болохоор өөрийг нь буруутгаж буй хэргийг эрс үгүйсгэж байгаа гэнэ.
Р.ЖАРГАЛАНТ