Алжир, Судан, Нигер, Чад улстай залгаа хилээ хааснаа Ливийн Үндэсний ассамблей энэ сарын 16-нд зарлалаа. Египет, Тунистэй залгаа буюу зүүн, баруун талын хил нь нээлттэй байх аж. Өмнө зүгийн цөлөрхөг нутагт эмх замбараагүй байдал газар авч буйгаас ийм арга хэмжээ авахад хүрчээ. Эмх замбараагүй явдал нь зуая, табу гэдэг хоёр омгийн хооронд үүссэн зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй аж. Ийм мөргөлдөөнийг Муаммар Каддафийн дэглэм хайр найргүй нухчин дарчихдаг байжээ.
Өмнөдийн хэд хэдэн мужийг Ассамблейн шийдвэрээр цэргийн хаалттай бүс болгосон байна. Ийм нутаг дэвсгэрт онцгой байдлын дэглэм үйлчлэх бөгөөд тэнд өргөн эрхтэй цэргийн захирагчдыг томилон ажиллуулахаар төлөвлөж буй аж. Үндэсний ассамблейн нэг гишүүний хэлснээр, лалын хэт даврагчдын эсрэг Мали улсад олон улсын цэргийн ажиллагаа эхэлж болзошгүйтэй холбоотойгоор эрс нэмэгдэж буй нууцаар дүрвэх явдалтай Ливийн эрх баригчид ийм маягаар тэмцэх гэж байна.
Хилээ хаах нь дүрвэх үйл явцтай холбоотойгоор хүн амын бүтцэд гарах өөрчлөлтөөс улс орноо зайлуулна гэж Үндэсний ассамблейн төлөөлөгч Омар Хумидан мэдэгдлээ. Шийдвэрийг Үндэсний ассамблейд өмнөд бүс нутгийг төлөөлдөг гишүүдийг байхгүй үед гаргасан байна. Тэд ийм шийдвэр гаргахыг эсэргүүцэж, ассамблейн хуралдааныг гацаанд оруулаад байжээ.