Ерөнхийлөгч Уго Чавесын тэргүүлдэг Нэгдсэн социалист намын гишүүд мужийн захирагчдын сонгуулиар 23 мужийн 20-д нь ялав. Сонгогчдын ирц 53 хувьтай байсан нь 2012 аравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийнхаас 30 хувиар бага гэсэн үг аж. Сөрөг хүчнээс нэр дэвшигчид гурван мужид ялжээ. Урьд нь нэгдсэн сөрөг хүчнээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд 44.1 хувийн санал авч байсан Энрике Каприлес Миранда мужийн захирагчаар улиран сонгогдлоо. Сөрөг хүчнийхэн таван мужид эрх мэдлээ алдсан байна.
Тус улсын Ерөнхийлөгч бөгөөд Нэгдсэн социалист намын дарга Уго Чавесыг хүнд өвчтэй, энэ сарын 12-нд дөрөв дэх мэс заслаа хийлгээд байх үед нь энэ сонгууль тохиов. Өвчтэй байгаагийн улмаас Уго Чавес ирэх оны нэгдүгээр сарын 10-нд болох Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд өөрийн биеэр оролцож чадахгүй нь тодорхой болсон. Тэгэхдээ Ерөнхийлөгч энэ сарын 16-нд эх орондоо эргэж ирээд, үүрэгт ажилдаа орсон гэж Шинжлэх ухаан, техникийн сайд Хорхе Ареаза мэдэгдсэн байна.
2012 оны аравдугаар сарын 7-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хоёр сарын дараа мужуудын амбан захирагчдын сонгууль боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд Уго Чавес 55.3 хувь буюу гол өрсөлдөгч Энрике Каприлесээс 10 хувиар илүү санал авсан юм. Сонгуулийн дүнд биеийнх нь эрүүл мэндийн байдал сөрөг нөлөө үзүүлсэн гэж хожим нь Чавес мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл илүү санал авах боломж уг нь байсан гэсэн үг.
Р.ЖАРГАЛАНТ