Японы Либерал ардчилсан нам ням гаригт болсон Парламентын доод танхимын сонгуульд итгэлтэй ялалт байгуулснаар консерватив экс Ерөнхий сайд Шинзо Абэд тус улсын Засгийн газрыг хоёр дахь удаагаа тэргүүлэх боломж бүрдлээ. ЛАН-ын тэргүүн, 58 настай Ш.Абэ Токиод хийлгэсэн хэвлэлийн хурал дээр Өмнөд Курилийн газар нутгийн маргаантай асуудлыг шийдвэрлэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлэв. Япон, Оросын хоёр талын харилцааг өмнөхөөс илүү сайжруулах итгэл төгс байгааг тэрбээр тэмдэглээд, ОХУ-ын удирдлагатай хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгджээ. Либерал ардчилагчдын Вашингтонтой цэргийн холбоогоо бэхжүүлэх эрмэлзлийг Абэ нотлоод, Ерөнхий сайдын хувиар гадаадад хийх анхны айлчлалаа АНУ-аас эхлэхээр төлөвлөж байна гэв.
Гадаад улс төрийн чангахан үзэл бодлоороо нэртэй тэрбээр Азийн хөршүүд, түүний дотор Хятадтай харилцаагаа хурцатгах бодолгүй байгаа аж. Саналын хуудсыг тоолсон эцсийн дүнгээр, ЛАН 480 суудалтай доод танхимд 294 мандат, түүний үндсэн холбоотон болох "Шинэ Комэйто 31 мандат авчээ. Ингэснээр Ерөнхий сайдаа томилж, улсын төсвийг баталдаг энэхүү танхимд дийлэнх асуудалд олонх болох хангалттай саналыг дээрх намууд авч дөнгөснийг NHK телесуваг мэдээлэв. Мөн гуравны хоёроос дээш мандат нь парламентын дээд танхимаас хуулийн төсөлд тавих хоригийг ажиггүй давах боломж олгох юм. Тус хоёр намын удирдлага өчигдөр уулзах үеэрээ 2000 оноос хойш дөрөв дэх удаагаа тохиож буй уналтаас эдийн засгийг хэрхэн гэтэлгэх талаар хэлэлцжээ.
Улирч буй Засгийн газрын цэг тавьсан эдийн засгийн бодлогыг эргэн авч үзэхээ мэдэгдсэн Абэ сүүлийн 20 жилийн доод түвшиндээ хүрч очоод буй иенийн ханш, мөнгөний бодлогын талаар Японы Төвбанкнаас илүү хатуу бодлого явуулах гэж шахалт үзүүлэх магадлалтай. Харин эдийн засгийг эрүүлжүүлэх амлалтаа хэрэгжүүлэхэд нь түүнд цаг хугацаа тийм ч хангалттай бус байгаа гэж шинжээчид тэмдэглэв. "Ирэх долдугаар сард товлосон Парламентын дээд танхимын сонгуулийн хавьцаа олигтой үр дүн харагдахгүй аваас ЛАН бүрмөсөн ялагдана" гэж JP Morgan-ы Токио дахь судалгааны төвийн тэргүүн Жеспер Колл ярьжээ.
Хэдий Абэ сонгуулийн амжилтдаа болгоомжтой хандан, нам нь Японы сонгогчдын итгэлийг бүрэн сэргээлээ гэж хараахан хэлж төвдөхг үй байгаа ч япончуудын хүлээлтийг бодит ажил болгохын төлөө мэрийнэ. Үүний төлөө улс төрийн бусад хүчинтэй хамтарч ажиллахаар амлалаа. Японы улс төрд 1955 оноос хойш ээлж халаагүй шахам давамгайлах байр эзэлж байсан ЛАН 2009 оны сонгуулиар Засгийн эрх баригчдын ширээнээс бууж, Ардчилсан нам бууринд нь суусан билээ. АН энэ удаа 57 мандат авсан нь 2009 оны сонгуулийнхаас тав дахин буурсан тоо. Одоогийн Ерөнхий сайд Ёшихико Нодагийн тэргүүлсэн танхимаас найман сайд нь нэг мандаттай тойрогт дахин сонгогдож чадсангүй.
Ерөнхий сайд намынхаа ялагдлын хариуцлагыг хүлээж, даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. ЛАН-ын аварга ялалт гэхээс илүүтэй энэ сонгууль худалдааны татварыг өсгөх төлөвлөгөөнөөс болоод сонгуулийн өмнө олон нийтийн дунд чансаа нь илт унасан АН-ын хувьд хүчтэй цохилт болсныг "Nikkei Business Daily" тэмдэглэлээ.
Х.Энх