Жааз хөгжмийн домог гэгддэг Луй Армстронг цуутай хүүхэмсэг эр байсан бөгөөд дөрвөн ч удаа гэрлэсэн боловч үр хүүхэдгүй байсаар насан эцэслэсэн гэдэг. Харин түүнийг нас барснаас хойш 42 жилийн дараа нууц охин нь олны нүдэнд ил гарч ирэв. Шарон Престон Фолта өдгөө 57 настай бөгөөд Армстронгтой тун адилхан гэнэ. Маркетингийн чиглэлээр ажилладаг тэрбээр өөрийгөө түүний охин мөн хэмээн баталж, өөрийг нь мэндлэхээс өмнө Луй Армстронг ээжтэй нь хайр дурлалын холбоотой байсныг илтгэх захидлууд, бусад бичиг баримтыг олонд дэлгэжээ.
Хатагтай Престон Фолта энэ амралтын өдрүүдэд захидлуудыг дуудлага худалдаагаар зарахаар явуулжээ. Шинжээчид энэ баримтуудыг жинхэнэ эх мөн болохыг баталсан байна. “Энэ түүх бол маш чухал. Би хэн бэ гэдгээ хэлэх нь зөв үү гэж үргэлж боддог байсан. Чангаар хэлэхийг хүсдэг байлаа. Миний хувьд тэр хүн хэзээ ч нууц зүйл биш” гэж тэрбээр “New York Times”-д ярилцлага өгөхдөө хэлжээ.
Армстронгийн намтарт хүүхдийн эцэг гэдэг үг хэзээ ч байгаагүй юм. Харин тэрбээр үеэлийнхээ хүүг гурван настай байхад нь өргөж авч байсан удаатай. Түүний дөрөв дэх гэргий Лусил Армстронгийг 1971 онд нас барахад төрсөн үр хүүхэд байхгүй гэж мэдэгдэж байжээ. Шароны ярьснаар Луй охиноо 16 нас хүртэл нь тусалж, тэтгэдэг байсан бөгөөд охин, хууль бус эхнэртээ Нью-Йоркт байшин худалдан авч өгч байсан гэнэ.