АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотын “Сэнди Хүк” нэртэй бага сургуульд буутай этгээд халдаж, хүүхэд, том хүн нийлсэн 27 хүний амийг хөнөөсөн аймшигт хэрэг өнгөрсөн баасан гаригийн өглөө гарсан. Тэгвэл уг хэргийн улмаас амиа алдсан хүүхдүүдийн нэрс болон нас тодорхой болжээ. “Сэнди Хүк” сургуулийн захирлын гаргасан жагсаалтаас үзэхэд амиа алдсан 20 хүүхдийн ихэнх нь эмэгтэй бөгөөд 6-7 насныхан байсан гэнэ. Тэдний хамгийн бага нь өнгөрсөн сард зургаан насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн Ноа Познер хүү байжээ.
Энэхүү аймшигт хэргийг үйлдсэн Райан Ланза хэмээх залуу бага сургууль руу халдахынхаа өмнө гэртээ ээжийгээ алсан байж. Тэрбээр насанд хүрсэн долоон эмэгтэйг буудсаны нэг нь л амьд үлджээ. Амьд үлдсэн эмэгтэй “Сэнди Хүк” сургуулийн ажилтан гэнэ. Харин Райан Ланза энэ бүхний эцэст өөрийгөө буудаж, амиа егүүтгэсэн аж. Түүний ашигласан винтов буу ээжийнх нь нэр дээр бүртгэлтэй байсныг тус мужийн цагдаагийнхан илрүүлсэн байна.
Олныг цочирдуулсан уг аймшигт хэргийг үйлдсэн этгээдийн аав Петер Ланза гашуудаж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн өнгөрсөн бямба гаригийн өглөө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама амиа алдагсдын ар гэрийнхэнд гүнээ эмгэнэж байгаагаа мэдэгдсэн байна.
Р.Цэцэг