Лондон дахь VII Эдуард хааны эмнэлэгт ажиллаж байгаад амиа бүрэлгэсэн сувилагч Жасинта Салданагийн ар гэрт Австралийн “2Day” FM радиостанц 500.000 долларын нөхөн төлбөр олгохоор болсныг ВВС мэдээлэв. Хөл хүнд болсон Кэмбрижийн гүнгийн авхай, 30 настай Кейт Миддлтоны хэвтэн эмчлүүлж байсан тус эмнэлгийн сувилагч эмэгтэй дээрх радиостанцын ажилтнуудын ёс бус үйлдлээс болж хорвоог цаг бусаар орхих алхам хийсэн юм. FM радиогийн дижей Мел Грейг, Майкл Кресчен нар Кейт Миддлтоны биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авахын тулд өөрсдийгөө хатан хаан II Элизабета болон хунтайж Чарльз хэмээн танилцуулж, эмнэлэг рүү утас цохижээ.
Австралийн иргэдийн дуудлагыг 46 настай Жасинта Салдана авчээ. Хоёр хүүгийн ээж тэрбээр уг яриа болсноос хойш гурав хоногийн дараа гэртээ нас барсан байхыг олсон аж. Гүнгийн авхайн биеийн байдлын талаар нууц задруулсан хэмээн сувилагч өөрийгөө буруутгаж, дээрх үйлдлийг хийсэн гэж урьдчилан таамаглаж байна. Уг нь, Жасинта ямар ч нууц задруулаагүй агаад утасны дуудлагыг К.Миддлтоны хэвтэж буй өрөөний жижүүр сувилагчийн шугамд л холбож өгчээ. Тухайн үед жижүүрлэж байсан сувилагч ханхүү Уильямын гэргийг жирэмсний хордлого ихтэй байна гэж мэдээлсэн байна.
“2Day” FM радиогийн удирдлага рекламны сангаас бүрдүүлэх нөхөн төлбөрийн мөнгийг бүрлээч сувилагчийн нөхөр, хүүхдүүдэд олгохоо мэдэгджээ. Энэтхэг гаралтай энэ эмэгтэй өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр аминдаа хүрэхийнхээ өмнө өөрийн нөхөр Бен Барбоза, хүү, охин хоёр нь болох 17 настай Жунал, 14-тэй Лиша нартаа захидал бичиж үлдээсэн талаар Лондоны “Evening stаndard” сонин уржигдар мэдээллээ. Гэсэн хэдий ч ар гэрийнхэн нь түүний үхэлтэй холбоотой олон асуултад тодорхой хариулт авахыг хүсч байгаа ажээ. Энэ тухай тус гэр бүлийг төлөөлж буй, “Лэйбор” намаас сонгогдсон Парламентын гишүүн Кейт Ваз онцлон тэмдэглэв.
Ялангуяа сувилагчийн ажиллаж байсан эмнэлгийн удирдлагын зүгээс түүнд дарамт шахалт үзүүлсэн эсэх зэрэг нарийвчлан шалгах зүйл олон гэж хохирогчийн тал үзэж байна.
Х.ЭНХ