Умард Солонгос холын тусгалтай пуужин хөөргөх гэж буй гэх мэдээ дэлхий дахины анхаарлыг татаж байв. Тэгснээ энэ бэлтгэл ажлаа зогсоохоор шийдвэрлэсэн гэх чимээ чих дэлссэн. Гэтэл өчигдөр өглөө тус улсын баруун хойд нутагт байдаг сансрын Сохэ буудлаас “Ынха-3” (Тэнгэрийн заадас) зөөгч пуужин хөөргөж, “Кванмёнсон-3” (Гэрэлтэгч од) дагуулыг дэлхийн тойрог замд оруулснаа зарлав. Гэхдээ уг үйл явдлаас хоёр цагийн дараа Умард Солонгос ийн ам нээжээ. Бидэнд ирж буй мэдээллээр бол Пхеньян гурван шатлалт пуужингаа 09.49 цаг (Москвагийнхаар 04.49 цаг)-т хөөргөсөн байна. Пуужин Японы хамгийн Өмнөд Окинава мужийн агаарын орон зайг амжилттай туулаад Номхон далайд унажээ.
Пуужинг дагуулаас салгах үйл явц хэвийн болж пуужингийн эхний хэсэг нь Солонгосын хойгоос 200 км зайд Шар тэнгист, хоёр дахь нь Дорнод Хятадын тэнгист, гурав дахь нь Филиппинээс зүүн тийш 300 км хол далайд унасан байна. Япон өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчнээ байлдааны бүрэн бэлэн байдалд байлгаж байсан ч пуужинг “олзолж авах” арга хэмжээ авсангүй. Пуужин өөрийнх нь нутаг дэвсгэр дээр унах аюул нүүрлэвэл Япон түүнийг устгахаар төлөвлөж байсан юм. Энэ зорилгоор зенитпуужингийн Pattiot гэдэг долоон цогцолбор, ажиглах төхөөрөмж, холын тусгалтай пуужин бүхий байлдааны гурван хөлөг онгоц бэлтгэсэн байв. Түүнээс гадна орон нутгийн байгууллагууддаа агаарын түгшүүрийн дохио ч өгчихсөн байлаа.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мен Бак ч аюулаас хамгаалах байгууллагын удирдлагуудаа яаралтай дуудан хуралдуулсан аж. Умард Солонгос хиймэл дагуул бүхий баллистик пуужин харвасан нь НҮБ-ын Аюулг үй зөвлөлийн холбогдох шийдвэр үүдийг зөрчиж байна гэж Оросын тал үзлээ. ОХУ-ын ГЯЯ-ны эх сурвалж “БНАСАУ нь НҮБын гишүүний хувьд тус байгууллагын гишүүн орнуудад бүгдэд нь хүчин төгөлдөр үйлчлэх ёстой Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг үг дуугүй биелүүлэх ёстой” гэж “Интерфакс”-т мэдэгджээ.
Р.ЖАРГАЛАНТ