Норвегийн Нобелийн хорооны дарга Турбьерн Ягланд Энхтайвны шагналыг Европын холбооны удирдагчдад гардууллаа. Осло хотноо шагналыг Еврокомиссын дарга Жозе Мануэль Баррозу, Европарламентын дарга Мартин Шульц, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Херман ван Ромпей нар гарджээ.
Европын холбоонд Нобелийн шагнал олгож буйг эсэргүүцэгчид үүний өмнөхөн галт бамбар барин Осло хотын төвөөр жагссан. Норвегийн Нобелийн шагнал эрхлэх хорооны шийдвэртэй санал нийлэхгүй байгаа 50 гаруй байгууллагын төлөөлөгчид эсэргүүцлийн арга хэмжээнд нэгдсэн байна.
Европын холбоо нь цэрэг дайны ажиллагаа явуулж, худалдааны харгис түрэмгий бодлого баримталж, Африкийн орнуудын цагаачдад хахир хатуу ханддаг зэрэг олон шалтгааны улмаас ийм өндөр шагнал хүртэх нэр хүндтэй байгууллага биш гэж эсэргүүцэгчид үзэж байгаа аж. Европын холбоог "тус тивд энхийн санаачилга, ардчиллыг хөгж үүлэхэд" оруулсан хувь нэмрийг нь үнэлж энэхүү шагналыг өгч буй юм. Үл итгэх үзлээрээ нэрд гарсан, Англиас Европарламентад суугаа Найжер Фараж "Европын холбоонд уг шагналыг олгох гэж буй нь норвегчууд хошин шогийн мэдрэмж сайтайг харуулж байна. Европын холбоо өөрийн олон сая оршин суугчдыг ядууруулж, ажилгүй болгосон. Сүүлийн хоёр жилд Умард, Өмнөд Европын хооронд бий болсон дайсагналцлын шалтгаан нь тус холбоо юм" гэж хэлэв. Энэ хүндтэй шагналыг 1910 онд авсан Олон улсын энхтайвны товчоо ч дээр өгүүлсэн тэмцлийг дэмжиж буй бөгөөд "Үлэмж өндөр амжилт гаргасан юм уу, ард түмнүүдийг хооронд нь нягтруулах, армийн тоог цөөлөх талаар бусдаас илүү зүйл хийсэн, түүнчлэн энхийн төлөө арга хэмжээ зохион байгуулсан, түүнд хүмүүсийн анхаарлыг хандуулж чадсан хүнд энэ шагналыг олгоно" гэсэн Альфред Нобелийн гэрээслэлээс шагнал эрхлэх хорооны гишүүд их холдсон байна гэж үзжээ.
"Хэрэв өөрийнх нь үнийг яаж ч тайлбарлаж болох эрхийг тус хороонд Нобель өгөх байсан бол мөнгө дугтуйнд хийгээд "өөрийн үзэмжэээр шийд" гэсэн бичгийн хамт Норвегийн Парламентын хамтаар илгээчихэж болох байв" гэж Олон улсын энхтайвны товчооны Ерөнхийлөгч Томас Магиндсон хэлсэн байна. 1976, 1980 онд Нобелийн Энхтайвны шагналын эзэн болсон Мейрид Корриган-Мандайер, Адольфо Перес Эскивель нар ч эсэргүүцэгчидтэй санал нэг байгаагаа илэрхийлжээ. Норвег даяар 25 мянга гаруй гишүүнтэй "Нейт ЕХ" гэдэг олон нийтийн хөдөлгөөн бас энэ тэмцлийг зохион байгуулахад идэвхтэй оролцож байна. Янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр бол, эсэргүүцлийн маршид 700-1200 хүн оролцжээ. Тэгэхдээ эсэргүүцлийг зохион байгуулагчдын үгээр бол арванхоёрдугаар сарын хацар хайрсан жаврыг үл анзааран жагсаал хийхээр хэчнээн хүн гудамжинд гарсан нь гол биш, Европын холбооны үйл ажиллагаа, цаашдын төлөвлөлтөд шүүмжлэлтэй хандах явдал Европт хэр түгээмэл болсон нь ач холбогдолтой юм байна. Европын холбоонд үл итгэгчдийн хийсэн эсэргүүцэл зохион байгуулалт маш сайтай байжээ. Дэг журам ер зөрчсөнгүй.
Шагнал гардуулах ёслол, хүлээн авалтыг арванхоёрдугаар сарын 10-нд Альфред Нобелийн дурсгалыг хүндэтгэн хийдэг юм. 1896 оны энэ өдөр Нобель өөд болсон аж. Нобелийн шагналт 10 хүний ес нь Стокгольм хотын филармонийн байранд Шведийн хаан Карл XVI Густаваас хүндэт диплом, Нобелийн дүрс бүхий алтан медаль гардан авдаг юм. Уржигдар болсон Нобелийн шагнал гардуулах ёслол 111 дэх нь юм. Энэ шагналын дагалдах мөнгө нь 2011 онд 10 сая крон (1.5 сая доллар) байсан бол, энэ жил найман сая (1.2 сая доллар) крон болж хорогджээ. Таатай бус цаг үеийн шалтгаанаар мөнгөн шагналын хэмжээ сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаа хорогдоно хэмээн өнгөрсөн зун Нобелийн сан зарласан юм. 1901 оноос эхлэн Нобелийн шагналыг 863 хүн (түүний дотор 21 байгууллага) авчээ. Энэ оны шагнал авагсдаас хамгийн өндөр настай нь Америкийн 89-тэй эдийн засагч Ллойд Шэнли бол, хамгийн залуу нь 50 настай япон эмч Синья Яманака аж.
Сонирхуулахад, Ллойд Шэнлиг 97 настай эгч Милдред Мэтьюз нь нийслэлд дагалдан ирсэн байна. Дашрамд өгүүлэхэд, Европын зөвлөлийн дарга Херман ван Ромпейн үзэл санаа төлөвшихөд Лев Толстойн "Дайн ба энх" роман уран зохиолын бусад бүтээлээс илүүтэй нөлөөлсөн гэнэ. Энэ тухай өөрөө Ослод болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн аж. "Энэ романы сэдэв өнөөдрийн байдалд гойд зохицдог. Наполеоны өдөөсөн аймшигт дайны түүхийн тухай олон өнгө будгаар өгүүлсэн нь, Пьер Безухов, Наташа хоёрын гайхамшигтай хайрын явдал нь амьдралыг бүхий л хэлбэрээр нь бидэнд харуулж чадсан" гэж тэр өгүүлжээ. Ромпей бас өөрөө шүлэг зохиол бичдэг юм байна.
Р.ЖАРГАЛАНТ