Олон улсын валютын сангийн тэргүүн асан Доминик Стросс-Кан болон түүнийг хүчингийн хэрэгт буруутгасан Нью-Йоркийн Sofitel зочид буудлын үйлчлэгч эмэгтэй Нафиссату Диалло нар даваа гаригт эвлэрлийн гэрээ байгуулсан тухай "Ройтерс" мэдээлэв. Уг гэрээний нөхцөлийн талаар тэд олон нийтэд дэлгэхгүй байхаар тохиролцжээ.
Энэхүү хэрэгтэй холбогдох шүүх ажиллагаа жил хагас үргэлжилж буй. 33 настай Диалло хэргийн гол эзнээс гадна "Нью-Йорк пост" сонины газартай эвлэрэхээр тохироонд хүрснийг Нью-Йорк муж улсын Дээд шүүхийн шүүгч мэдэгджээ. Тус сонинд гарсан өгүүлэлд өөрийг нь биеэ үнэлэгч хэмээн бичсэн гэж Н.Диалло гомдол гаргаад байжээ.
Харин эдгээр тохиролцоонд хүрэхийн тулд хохирогчид хэчнээн хэмжээний нөхөн төлбөр олгох болсон талаар мэдээлэл алга байна. Зочид буудлын өрөөг цэвэрлэхээр ирээд хүчирхийлэлд өртсөн хэмээн үйлчлэгч мэдэгдсэний дагуу Доминик Стросс-Каныг 2011 оны тавдугаар сард Нью-Йоркт саатуулан шалгаж эхэлсэн. Дуулиант хэргийн улмаас ОУВС-гийн тэргүүний суудлаа орхиход хүрсэн тэрбээр уг буруутгалыг анхнаасаа няцааж, харилцан тохирсны үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон гэж нотолсон юм. Дараа нь Стросс-Кан үйлчлэгчийн эсрэг гаргасан нэг сая долларын нэхэмжлэлдээ дээрх хэрэг улс төрийн карьерт минь нөлөөлсөн гэсэн билээ.
2011 онд Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр эл эрхэм төлөвлөж байсан бөгөөд шаггүй хүчтэй өрсөлдөгчдийн тоонд бичигдэж байв.