Ерөнхий сайд Виктор Понтагийн удирддаг эрх баригч зүүн-төвийн эвсэл Румыны Парламентын сонгуульд ялсан байна. Урьдчилсан мэдээгээр бол Социал-либерал холбоо сонгогчдын 54-57 хувийн санал авсан бол баруун-төвийн сөрөг хүчний эвслийг 19 хувь нь дэмжжээ. Түүний зэрэгцээ сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсны дүнд сонгуульд ялсан улс төрийн хүчин Доод танхимд бүр ч олон суудал авах боломжтой боллоо гэж үзэж буй аж.
Румыны Парламент Михай Разван Унгуряны Засгийн газарт итгэл үзүүлэхгүй гэсэн шийдвэр дөрөвдүгээр сард гаргасан тул шинэ танхим бүрдүүлэхийг сөрөг хүчний удирдагч Понтад Ерөнхийлөгч санал болгосон. Тэгтэл депутатууд долоодугаар сард Ерөнхийлөгч Бэсескуг Үндсэн хууль зөрчсөн, Засгийн газар хэвийн ажиллахад саад учруулсан, авлига авсан гэж үзсэн ч ард нийтийн санал асуулгад Румыны иргэдийн 50 хүрэхгүй хувь нь оролцсон учраас Ерөнхийлөгч суудалдаа үлджээ.
Р.ЖАРГАЛАНТ